Үзэсгэлэн
“ЧИНГИС ХААН МУЗЕЙ
БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ” ГЭРЭЛ
ЗУРГИЙН ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН

2022.11.01 - 2022.11.14
14:00-17:00 цагт
Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд Чингис хаан музейд “Чингис хаан-Өлзий хутаг” бүтээлээ өргөн барихдаа “2016 онд энэ зургийг зурах үед Чингис хаан нэртэй хаад язгууртны музей байгуулагдана гэж хэн ч мэдээгүй байсан шүү дээ. Тэгтэл одоо Монгол Улсад их эзэн хаанаараа овоглосон ийм сайхан музей нээгдэж байна. Үүнд миний бие ихэд олзуурхаж, энэ зурагаа “Байх ёстой газраа байг” гээд аваад ирлээ” хэмээн баяртайгаар өгүүлсэн юм. Тэрбээр “Энэ зургийг зурж дууссаны дараахан Хөх хотын Орчин үеийн урлагийн нийгэмлэгийн дарга Жан Хай Бу гэдэг хүн үзчихээд “Таны энэ зургийг Өвөр Монголын Ордос дахь “Чингис хааны онгон” цогцолборт зохион байгуулагдах “Миний сэтгэгдэл Чингис хаан” үзэсгэлэнд оролцуулъя” хэмээн намайг урьсан. Тэр хүний буянаар би Ордост анх очиж Чингис хааны тахилгыг үзэж байлаа” гэж ярив. Тухайн үед үзэсгэлэнд оролцсон уран бүтээлүүдээс шилдгийг нь тодруулахдаа маш сонирхолтой шийдлийг сонгосон байдаг. Тодруулбал, үзэсгэлэнг үзэж сонирхохоор ирсэн зочдыг үүдэнд эдийн дээд хадагтай угтаж, өөрт хамгийн таалагдсан уран бүтээл дээр уг хадгийг тавихыг хүсчээ. Тэгэхэд, Хятад, Монголын уран бүтээлчдийн оролцсон тус үзэсгэлэнгээс “Чингис хаан-Өлзий хутаг” бүтээл хамгийн олон хадгийг цуглуулж чадсан юм. Зотон даавуун дээр тосон будгаар урласан уг зурагт үүлэн хээг буулгасан нь дээрээс тэтгэсэн хурын шимээр байгаль дэлхий сэргэн хүн бүр зол жаргалтай аж төрөхийг бэлгэдсэн аж. Харин өлзий хээгээр өргөн дэлгэр эрдэм мэдлэг, арвин баян эд хөрөнгө, аз жаргал дэлгэрэхийг бэлгэджээ. 170x150 см-ийн хэмжээтэй энэхүү уран бүтээл нь Чингис хаан өнөөгийн Монголчууд бидний амьдралын өлзийтэй, сайн сайхан байх зам мөрийг өртөөлөн чиглүүлж өгсөн гэх ерөнхий утгыг агуулсан байна.