image
clock
2023-08-11
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН НОМЫН САНД "УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ 108 БОТЬ" ТӨСЛИЙН ЭХНИЙ 50 БОТИЙГ ГАРДУУЛЛАА

Эрүүл Мэндийн Яам, АШУҮИС-иас 2023 оны наймдугаар сарын 10-нд ОУМСХ, Чингис хаан Үндэсний музейн номын санд "Уламжлалт анагаах ухааны 108 боть" төслийн хүрээнд туурвисан эхний 50 ботийн дээжийг гардууллаа.

Уламжлалт анагаах ухааны сурвалж бичгийн судлал нь Монгол Улсын түүх, нийгмийн ухаан, утга зохиолын сурвалж бичгийн судлалыг бодвол харьцангуй залуу салбар бөгөөд үүн дотроо оношилгоо, эмчилгээ, засал, ном судрын орчуулга, судалгаа тун бага хийгджээ. Тиймээс академич Ш.Болд (төслийн удирдагч) тэргүүтэй эрдэмтэн судлаачид, 108 боть бүтээх багийнхан Монгол Улсаас олдсон анагаах ухааны ховор чухал ном судар, ялангуяа гар бичмэл судруудыг эмхэтгэн гаргах зорилго тавьж, үнэ цэнтэй, ховор нандин гар бичмэл, барын номуудыг эх бичгээс нь шууд татан буулгах, орчуулах, 1990 оноос хойших ном бүтээлийг эмхэтгэн хэвлүүлэх ажлыг 2019 оны наймдугаар сараас хэрэгжүүлж эхлээд, өнөөгийн байдлаар 50 ботийг эмхэтгэн хэвлүүлж нийтийн хүртээл болгоод байна.

Энэхүү төслөөр хэвлэгдэж буй анагаах ухааны эртний судруудаас Монголын анагаах ухааны өнө эртний хөгжил, эмч нарын нэр хүнд, бүтээл туурвилын ач холбогдол, эмнэлгийн тусламжийн чанар ямар түвшинд байсныг ухаарч ойлгохын зэрэгцээ, бахархан дуурайж, өвлөн авч хөгжүүлэн дэлгэрүүлэх боломж бүрдэнэ.