Монгол Улсын Засгийн газраас 2019 оны долдугаар сарын 3-нд Чингис хаан хаад, язгууртны музей байгуулах түүхэн шийдвэрийг гаргасан. Монголын түүхэнд гарамгай гавьяа байгуулсан, дэлхийн мянганы суут хүмүүн Эзэн Богд Чингис хаан, түүний дээдэс Хүннү гүрний үеэс эхлэн түүний алтан ургийн ноёд язгууртны түүхийг харуулсан музей байгуулах ажлыг эрчимтэй эхлүүлж нэг жил 6 сарын дотор 22500 м2 хэмжээ бүхий орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн музейг байгуулж дуусгалаа.
2021 оны дөрөвдүгээр сараас Чингис хаан музей албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлж музейн боловсон хүчнийг бүрдүүлэх, байгууллагын холбоотой дүрэм журмыг эмхэлж цэгцлэх, барилгын үйл ажиллагаанд хяналт тавих, музейн бодлого, төлөвлөгөөг боловсруулах, тоног төхөөрөмж, сан хөмрөг, бүртгэл, үзэсгэлэн үзүүллэг дэглэлт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг буй болгохын төлөө богино хугацаанд эрчимтэй ажиллаж байна.
Тус музейгаас Соёлын сайдтай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг эрчимжүүлэх, бодитой, үр дүнтэй ажлыг эхлүүлэхээр төлөвлөн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дахь Их Оорцог ууланд Юань улсын үеийн цогцолбор булшинд малтлага судалгаа хийх, Өвөрхангай аймгийн нутаг дахь Мазар, Дундговь аймгийн Сайхан- Овоо суманд Шаазан хотод хайгуул судалгааг эхлүүлээд байна.
Эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн сэтгүүл бэлтгэх, Чингис хаан болон хаад язгууртнуудтай холбоотой ном бүтээл туурвих, бэлтгэх, хэвлэн нийтлүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Чингис хаан музейн захирал, Академич С.Чулуун