Чингис хаан Үндэсний музейд 2023 оны наймдугаар сарын 25-26-ны өдрүүдэд “Төв Ази ба Монголын чулуун зэвсгийн үе: Судалгаа, дурсгалын хадгалалт, хамгаалалт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
Монгол Улс, ОХУ, АНУ, ХБНГУ, Япон, БНСУ, Канад, Франц, Англи, Польш зэрэг 10 орны 84 эрдэмтэн судлаач илтгэл тавьж хэлэлцүүлсэн тус хурлыг ШУА-ийн Археологийн хүрээлэн санаачилж, Соёлын яам, ШУА-ийн Геологийн хүрээлэн, Чингис хаан Үндэсний музейтэй хамтран зохион байгуулсан юм.
“Төв Ази ба Монголын чулуун зэвсгийн үе: судалгаа, дурсгалын хадгалалт, хамгаалалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал нь “чулуун зэвсгийн судалгаа”-ны сэдвээр манай улсад зохион байгуулагдаж буй анхны Олон улсын хурал бөгөөд Монгол нутагт чулуун зэвсгийн судалгаа анх хийгдэж эхэлснээс хойших 100 жилийн түүхэн ойтой давхцаж буйгаараа онцлогтой.