Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хүрээнд Соёлын яамны "Хос бичигтэн яам" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор соёлын салбарын төрийн байгууллагууд манлайлан, албан хаагчдынхаа үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх олон талт ажлыг зохион байгуулж байна.
Төрийн албан хэргийг 2025 оноос кирил болон үндэсний бичгээр хөтлөн явуулахтай холбогдуулан Чингис хаан Үндэсний музей нь уг хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүнд:
- 2023 оны тавдугаар сард Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга Н.Батболд монгол бичгийн тест боловсруулан, музейн албан хаагчдаас түвшин тогтоох шалгалт авав. Тухайн үед “Соёлын сэргэлт-2023” арга хэмжээ давхацсан тул албан хаагчдад Ч.Надмидын “Монгол бичгийн зөв бичих толь бичиг”-ийг цахимаар илгээж, бие даан суралцаж эхлэх үүрэг өгсөн юм.
- 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн салбарын багш М.Жавхлан (Ph.D)-гаар удирдуулсан Үндэсний бичгийн танхимын сургалтыг музейн албан хаагчдын дунд эхлүүллээ.