image
clock
2023-11-14
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ВИРТУАЛ ӨРӨӨГ НЭЭВ

Чингис хаан Үндэсний музей нь нэг сарын хугацаанд үзмэрийнхээ орон зайг нэмэгдүүлж, Монголын төрт улсын түүхийг харуулсан угтах шатны ханын релиф, Эрдэнэ зуугийн гол зуугийн сүмийн хийцлэл зэрэг орчин үеийн технологи, шинэ уран бүтээл, шинэ үзмэрээр үзэсгэлэнгийн танхимуудаа баяжуулан дэглэж, Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдөр үзэгч олондоо үйлчилж эхэллээ. Энэ өдөр тус музейд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулав: 

-              Монголын анхны панорама дэлгэц бүхий виртуал өрөөг нээв. Виртуал өрөөг “ГлобалСмарт Сольюшн” ХХК-тай хамтран тохижуулж, Япон улсын Panasonic брэндийн проектор болон линз, Герман улсын Neumann брэндийн “Дольби 7,1” дуугаралтын систем, Dataton брэндийн Watchout сервер зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиор иж бүрэн тоногложээ. Виртуал өрөөнд стандарт видеог 10 дахин томруулсантай тэнцэхүйц өндөр нягтаршил бүхий дүрслэлийг үзүүлснээр үзэгчдэд бодит мэт мэдрэмж төрүүлэх аж.

-              Виртуал өрөөнд “Жаргал продакшн”-ийн бүтээсэн “Их Монгол улсын эзэн хаан Чингис” контентийг үзэгчдэд анх удаа толилуулав. Эзэн Чингис хааны дүр төрхийг синематик 3D анимэшн зураглалаар бодит мэт бүтээж, Тэмүжин Чингис хааны мэндэлсэн 1162 оны өвлийн тэргүүн сараас 1206 онд Их Монгол улсыг байгуулсан үе хүртэлх түүний амьдрал, үйл хэргийг 15 минутад багтаасан байна.

-              “Соёлын бүтээлч сар - 2023” аяны хүрээнд тус музейгээс “Буган чулуун хөшөөний баримлыг будацгаая” сэдэвчилсэн тайлбарт аялалтай дүрслэх урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэв. Хөтөлбөрт хамрагдагсад Монголын эртний төрт улсын танхимд байрлах Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн онцлог бүхий 9 буган чулуун хөшөөг үзэж сонирхон, мэргэжлийн тайлбарлагчаар тайлбарлуулж, танин мэдэхүйн мэдлэгээ тэлэхийн сацуу AR технологи ашиглан буган чулуун хөшөөтэй илүү ойроос танилцаж, музейн “Боловсролын танхим”-д зочлон Уушгийн өврийн буган чулуун хөшөөний бяцхан баримлыг хүссэн загвараар будан, өөрийн бүтээл болгон авч үлдэв. Хөтөлбөр 2023 оны 11 дүгээр сарын 16-19, 23-26-ны өдрүүдэд явагдана.

-              Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт болж, уран бичлэгийн шилдгүүдийг тодруулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын дэд сайд М.Батбаяр, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар шагналыг нь гардуулав.

-              Нэрт соён гэгээрүүлэгч Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэн үргэлжилж байна. “Адистэд хурсан гайхамшиг” үзэсгэлэнд Говийн ноён хутагтын музейн 130-аад үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдсэнээс “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолын гар бичмэл, Мөнгөн дотортой гавал аяга, Түмэн мэсний бурхан Ловон Бадамжунай зэрэг хосгүй үнэт дурсгалуудыг онцолж болно.

-              Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналт, МУУГЗ Ш.Чимэддорж, түүний шавь БНХАУ-ын нэрт уран бүтээлч Шэнь Хун Бяо нарын хамтарсан Pax Mongolica буюу “Монголын их амар амгалан” тусгай үзэсгэлэн үргэлжилж байна. Дэлхийн олон оронд үзэсгэлэнгээ гаргаж байсан алдартай уран бүтээлч багш, шавь хоёул адуу, морины сэдвээр бүтээн туурвидгаараа онцлогтой. Үзэсгэлэнд “Хубилай хааны намрын ав” уран зургийн үйл явдлыг харуулсан хүрэл баримал, 3 метр гаруй өндөртэй “Тусгаар тогтнол” баримал зэрэг сонирхолтой бүтээлүүд дэглэгджээ.