image
clock
2023-11-17
"НҮҮДЛИЙН АЙ" ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

“Соёлын бүтээлч сар-2023” аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музейд фото сэтгүүлч П.Баттулгын "Нүүдлийн ай" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнг нээж Соёлын яамны урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, МГЗНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар нар үг хэлэв.

Үзэсгэлэнд монгол нүүдэлчдийн газар зүйн байдал, угсаатан ястны амьдралын хэв шинж, онцлогийг харуулсан уламжлалт нүүдлийн сэдэвтэй 40 гаруй гэрэл зураг дэглэгджээ. 2019 оноос хойш нүүдэлчдийн хотонд очиж, хамт нүүдэллэн, нүүдлийн соёлын биет бус өвийг сурталчлан таниулах "Эгэл" төслийг хэрэгжүүлж яваа фото сэтгүүлч П.Баттулга гэрэл зургуудаа товч, тодорхой тайлбарлахын сацуу “Монголчуудын оршин тогтнох үндсийн талаар Лодонгийн Түдэв "Хол нүүж, тарж нутагла. Тэгж байж нутагтайгаа үлдэнэ" хэмээн хэлж үлдээснийг бид ямагт санаж, хэрэгжүүлж явах ёстой юм" гэв.

Үзэсгэлэн 11 дүгээр сарын 22 хүртэл долоо хоног үргэлжилнэ.