Чингис хаан Үндэсний музейд 2023 оны 12 дугаар сарын 14-нд “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал Дэлхийн өв болох нь” Дэлхийн өвийн номинацийн бэлтгэл ажлын анхны хэлэлцүүлэг болов.
Хэлэлцүүлгийг нээж Соёлын дэд сайд М.Батбаяр, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн нар үг хэлж, эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлэв.
“Дэлхийн байгаль, соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн 1972 оны конвенцын дагуу “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлэх баримт материалыг боловсруулан бэлтгэж, Конвенцын шаардлага, шалгууруудыг хангасан болохыг үндэслэн нотлох зорилго бүхий “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд” төслийг Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, ШУА-ын Археологийн хүрээлэн, “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан” ЮНЕСКО-гийн батламжит ТББ-аас 2023 оны XII сарын 1-нээс 2024 оны XII сарын 30-ныг хүртэлх хугацаанд хамтран хэрэгжүүлэхээр болсон юм.
Төслийн баг эдгээр байгууллагын төлөөлөл болон Хүннүгийн язгууртны булшны судалгааг гардан гүйцэтгэсэн археологийн мэргэжлийн судлаачид, Дэлхийн өвийн номинаци бэлтгэж байсан туршлагатай мэргэжилтэн, дурсгалын хамгаалалтын бүс болон нөлөөллийн бүс зэргийг өндөр нарийвчлалтай тогтоох геодези, зураг зүйн мэргэжилтэн, мэргэжлийн орчуулагчдаас бүрдэж байна.