image
clock
2023-12-21
“МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН АМЬТАД”, “ХӨШӨӨ ЧУЛУУНЫ БИЧИГ” СЭДЭВТ ХОЁР ТӨРЛИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Чингис хаан Үндэсний музейд 2023 оны 12 дугаар сарын 20-нд “Мөстлөгийн үеийн амьтад”, “Хөшөө чулууны бичиг” сэдэвт хоёр төрлийн маркийн анхны өдрийн нээлт боллоо.

“Мөстлөгийн үеийн амьтад” сэдэвт хэлхээ марканд эртний хүний хадан дээр дүрсэлсэн амьтны зураг болон уг амьтныг сэргээн зурсан зургийг хамтад нь дүрсэлснээрээ монгол маркийн түүхэнд анхдагч болж байна. Тодруулбал, Монгол нутагт өргөн тархсан хадны зургууд дээр эртний хүнтэй зэрэгцэн амьдарч байсан олон төрлийн амьтдыг дүрсэлснээс мөхөж үгүй болсон ч яс болон биеийн хэсэг нь олдож шинжлэх ухааны судалгаагаар судлагдан тогтоогдсон арслан заан, савагт хирс, бизон үхэр, тэмээн хяруул хэмээх дөрвөн төрлийн амьтныг сонгон авсан байна. Маркийн зураачаар Б.Баярхүү ажиллаж, маркийг бүтээхэд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цогтбаатар (Sh.D.), Эртний амьтан, ургамлын сан хөмрөгийн салбарын эрхлэгч С.Өлзийцэрэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, түрүү үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Н.Батболд нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг материалаар ханган хамтарч ажиллажээ.

"Хөшөө чулууны бичиг” сэдэвт зургаан нэрийн маркийн тухайд, согд, брахми, руни, хятан, монгол, соёмбо зэрэг монголчуудын эртний бичгийн дурсгал, соёлын олдворуудаас сонгон авчээ. Тус маркийг бүтээхэд Монгол Брахми бичгийн Олон улсын нийгэмлэгийн тэргүүн, Германы эрдэмтэн, доктор Солонгод Л.Хурцбаатар, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрхлэгч, доктор А.Энхтөр, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Н.Мөнхцэцэг нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг материалаар ханган хамтарч ажилласан байна.