image
clock
2023-12-29
ДА ЛАМ Г.ЦЭРЭНЧИМЭДЭД ЗОРИУЛСАН ДУРСГАЛЫН ЗООСНЫ НЭЭЛТ БОЛОВ

Богд хаант Монгол Улсыг тунхаглан зарласан түүхэн өдөр буюу 12 дугаар сарын 29-ний өдөр тусгаар тогтнолын төлөө тууштай зүтгэгч, Богд хаант Монгол улсын Дотоод яамны тэргүүн сайд Да лам Г.Цэрэнчимэдийн дурсгалын зоосны нээлт Чингис хаан Үндэсний музейн Чингис хааны алтан ургийн угсааны хаад, язгууртны танхимд болов.

Да лам Гомбын Цэрэнчимэд нь хуучнаар Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Лүн сумын нутагт 1872 онд мэндэлжээ. 10 наснаас Их хүрээнд шавилан сууж, төвөд, манж хэлийг эзэмшиж, Эрдэнэ шанзудбын яамны бичээч, ахлах бичээчээр дэвшин ажиллажээ. Энэ үеэр “Хүн бүхэн чин сүжгээр залбиран үйлдэхтүн” хэмээх ном бичиж байсан бөгөөд Богд хаант Монгол Улсыг тунхаглан зарласны дараа Дотоод яамны тэргүүн сайдаар томилогдон ажиллаж байв.

Да лам Г.Цэрэнчимэд нь монголчуудын тусгаар тогтнол, Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчдын нэг, Дотоод яамны хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар ажилласан Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн  юм.