Монгол Улсын Засгийн Газраас зохион байгуулж буй “Монголын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Уг чуулганы Залуучуудын салбар хуралдаан Чингис хаан Үндэсний музейд болж байна. Салбар хуралдааныг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж нээж, “Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжлийг залуучууд авч явна. Тиймээс энэ чуулганд саналаа хэлж, бүсчилсэн хөгжлийн бодлогод хүний хөгжил, боловсрол, ногоон эдийн засгийн хөгжлийг тусгах ёстой. Үүнд залуус саналаа тусгах нь маш чухал” гэж мэдэгдэв. Залуучуудын санаачилгаар эл салбар хуралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
2024 оныг Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд үндэсний аюулгүй байдал, улсын хөгжил, иргэдийн амьдралын чанарын талаарх ойлголтоо нэгтгэх, шийдэлд хүрэх, баримт бичиг батлан мөрдөх зорилгоор энэ чуулганыг зохион байгуулж байна. Чуулганаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын суурь баримт бичиг боловсруулах юм.