image
clock
2024-02-26
ДНБ-ий 4%-ийг соёлын салбар бүрдүүлдэг болно

Соёлын сайд Ч.Номин энэ сарын 23-нд Чингис хаан Үндэсний музейд салбарынхаа ахмадуудтай уулзалт хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулав. 2020 онд Соёлын яам байгуулагдсан. 2021 онд соёлын салбарын 452 байгууллагыг нэг тогтолцоонд оруулж, хууль эрхзүйн шинэчлэл хийжээ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдвал салбарын хууль эрхзүйн тогтолцоо бүрдэх юм. 2022 онд салбарынхаа бодлого, стратегийг тодорхойлж, 2023 онд хэрэгжилтийг нь хангасан юм. Дэлхийн соёлын “Нүүдэлчин” фестиваль, Францын Нант хотын Түүхийн музейд гаргаж буй “Чингис хаан: Монголчууд Дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээний үр дүнд олон улсад Монголын нэр хүнд 24%-иар өссөн байна.

Монгол Улсын ДНБ-ий 0.5%-ийг соёлын салбар бүрдүүлдэг. Үүнийг энэ онд 4%-д хүргэхээр Соёлын яам зорьж байна. Соёлын салбар 2019-2023 онд 6245 ажилтантай болж, соёлын төв 85, музей 4, театр 2, Соёлын үндэсний төвийн 1 барилга ашиглалтад орууллаа. Энэ онд Хүүхэд, залуучуудын театрыг ашиглалтад оруулж, Байгалийн түүхийн музейн барилгын ажлыг эхлүүлнэ.

Ч.Номин сайд ийн ажлаа танилцуулсныхаа дараа ахмадуудын саналыг сонсов. Ахмадууд Соёлын яам, сайдын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, шийдүүлэхийг хүссэн асуудлаа хэлсэн юм. Үүний дараа ахмадууд Чингис хаан Үндэсний музейгээр аяллаа.