image
clock
2024-02-26
Богд хааны тагнуулчдын сургуулийг О.Доржготовын “Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэнгээс хараарай

МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш, “Монгол урлахуйн өв уламжлал” ТББ-ын тэргүүн О.Доржготовын хүрээ хийдийн сэдэвт монгол зургийн “Хоосон чанарыг тольдохуй” уран бүтээлийн үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарч байна. О.Доржготовын “Монгол уран зураг-Өв уламжлал”, “Хүрээ хийдийн сэдэвт монгол зураг” номын нээлт 2-р сарын 24-нд үзэсгэлэнгийн нээлттэй хамт боллоо.

Тэрээр  80 гаруй жилийн өмнө сүйдсэн хүрээ хийдүүдийн 21-ийг нь уламжлалт монгол зургийн аргаар анхны төрх, хийц загвараар нь сэргээн зуржээ. Эдгээр бүтээлээ олон нийтэд толилуулж байгаа юм. Уг 21 хийдийг зурахдаа хийсэн судалгаа, зурсан аргаа дэлгэрэнгүй тайлбарлан, ном болгосон байна. Тухайлбал: Нийслэлийн ногоон бүсэд Шадавлин гэж зуслан бий. Энэ газрыг яагаад ингэж нэрлэснийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл энд Шадүвлин гэдэг хийд байжээ. Богд хаан тагнуулчдаа энд бэлтгэдэг байсан тухай уг номноос мэдэж болно. Гамин цэргүүд 1919 онд Нийслэл Хүрээг эзлэхдээ Шадүвлин хийдийг сүйтгэж, лам нарыг нь хороожээ. Монголын тагнуулч лам нарын сургууль гэдгийг мэдээд, хятад цэргүүд ийн сүйтгэсэн бололтой. Энэ тухай илүү дэлгэрэнгүйг 2-р сарын 24-нөөс 3-р сарын 9 хүртэл Чингис хаан Үндэсний музейд ирэн мэдэж авах боломжтой.