Хүний нүдэнд харагдахгүй өчүүхэн мөөгөнцрөөс эхлээд цох, хүр хорхой, ялаа зэрэг хортон шавж бол музейн үзмэрийн жинхэнэ дайсан. Энэ дайснаас хамгаалах хамгийн найдвартай арга бол музейг цэвэр байлгаж, ариун цэврийн дэглэмийг сайтар мөрдөх юм.
Хүнсний бүтээгдэхүүний үлдэгдэл дээр хөгц мөөгөнцөр урган, муухай үнэр ялгаруулдгийг бүгд мэднэ. Улмаар жоом хүртэл үүрлэдэг. Тиймээс музейд бүхий л төрлийн хүнсний бүтээгдэхүүн авч орохыг хориглодог юм. Жигнэмэг, чипсний үйрмэг, ундааны дусал дээр хэчнээн мөөгөнцөр үржиж, түүнийг идэхээр хэр олон шавж цуглардаг гээч. Музейн үзмэрт бүхий л шавж хортой. Шавж, мөөгөнцрүүд хүнсний бүтээгдэхүүн, хүний хувцас гэх мэт эд зүйлстэй хамт музейд орж ирдэг. Цаас, мод, арьс, бөс зэрэг органик материалаас бүтсэн үзмэр дээр мөөгөнцөр арилшгүй толбо үлдээж, удвал бүрмөсөн гэмтээнэ. Хөгц 18-25 хэмийн дулаан, 70% чийгшилтэй орчинд идэвхтэй ургана.
Хортон шавжны авгалдай үс, ноос, арьсан үзмэрийг иднэ. Цох хорхой цаасан эдлэл, ном, судрыг юу ч үгүй болгодог. Хивэн эрвээхэй ноос, шир, даавуу, цавуутай зүйлийг богино хугацаанд иднэ. Олон зуу, хэдэн мянган жилийн түүхтэй, хосгүй үнэт олдворыг газар дороос, булшин дотроос асар их зардлаар гаргаж ирчхээд, өчүүхэн хорхойд идүүлчихвэл яана. Учир иймээс кино театрт иддэг амттан, уудаг ундаагаа музейд авчирч болдоггүй юм шүү.
МУЗЕЙ ҮЗЭХ СОЁЛЫГ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ
“Музейн менежмент, маркетингийн асуудал” номноос