image
clock
2024-05-02
КАРАВАЖЖО "МАГДАЛЭНИЙ НАМИНЧЛАЛ" УРАН ЗУРАГ МОНГОЛД

Чингис хаан Үндэсний музей нь түүхэн дурсгал, урлагийн сор бүтээлүүдийг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үүргийнхээ хүрээнд хувь хүн албан байгууллага, гадаадын улс орнуудтай үзэсгэлэн, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, ном товхимол эрхлэн гаргах хамтын ажиллагааг өрнүүлж байна. Өнгөрөгч онд манай музей Франц, Япон, Солонгос зэрэг улс орнуудтай хамтарсан үзэсгэлэнг гадаадын болон өөрийн оронд зохион байгуулсан бол энэ жил бид Итали улсын Элчин сайдын яамтай хамтран ажиллаж байгаад нэн таатай байна.

Энэ удаагийн үзэсгэлэнгээр бид соёл, урлагийн нэн эртний баялаг түүхтэй Итали улсын сэргэн мандалтын төлөөлөгч, гэрэл сүүдрийн мастер Караваджжогийн “Магдалэний наминчлал” уран зургийг эх хувиар нь Монгол улсад, анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлж, Итали улсын сэргээн засварлалтын ололт амжилтыг тус бүтээлээр дамжуулан толилуулж, “Урлаг-Шинжлэх ухаан” хэмээх ойлголтыг цогцоор нь үзүүлэн таниулах жишиг бүхий арга хэмжээг зохион байгуулж байна. Итали улс нь дэлхийд сэргээн засварлах урлагаар алдартай, өнө эртний уламжлалтай билээ.

Үзэсгэлэнгийн хугацаанд Итали улсын урлагийн бүтээлийн шилдэг сэргээн засварлагч, доктор Чинциа Паскуали манай музейд ирж салбарын мэргэжилтнүүд болон сонирхогчдод “Уран зураг сэргээн засварлах сургалт” зохион байгуулах, үзэсгэлэнд дэлгэгдэх уран зураг болон зураачийн амьдрал бүтээлээр бүтээгдсэн киног үзүүлэх, соёл урлагийн чиглэлээр суралцаж байгаа оюутан сурагчдад алдарт зураачийн эх бүтээлийг дэргэдээс нь харж зургийн техник ажиллагааг судлах боломж олгох бол сэргээн засварлалтаар суралцах залууст сэргээн засварлах шинжлэх ухааныг сонгон суралцах сэдэл болох нь дамжиггүй.

Өнө эртээс түүхэн дипломат харилцаатай манай хоёр улсын цаашдын соёл урлагийн салбар дахь хамтын үйл ажиллагааг өрнүүлэх, судалгаа шинжилгээ хийх, үзэсгэлэн, хурал чуулган зохион байгуулах, мэргэжилтэн бэлтгэх зэргээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлэх болно гэдэгт итгэж байна. Тусгай үзэсгэлэнг зохион байгуулж, дэмжин, хамтран ажилласан Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд, хатагтай Жованна Пиккаррэта болон элчин сайдын яамны хамт олон, Монгол улсын Соёлын яам, Фалконери, Монголын иргэний агаарын тээвэр, иГүзини, Саунд оф Монголиа компанийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

“МАГДАЛЭНИЙ НАМИНЧЛАЛ” уран зургийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9-р давхрын түр үзэсгэлэнгийн танхимд 2024 оны 5-р сарын 4 өдрөөс 6-р сарын 30 хооронд дэлгэгдэнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Үзэсгэлэн үнэ төлбөргүй