image
clock
2024-05-10
БҮХ НАСНЫХАНД ТУСГАЙ ХӨТӨЛБӨРӨӨР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Д.Сүхбаатарын талбайд зургаа дахь өдрөө үргэлжилж буй “Монгол гэр” үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музей, Архангай аймгийн Соёл, урлагийн газартай хамтран "ХАЛХЫН ЗАЯ ГЭГЭЭНИЙ ӨРГӨӨ" гэрт өдөр бүр нас, насныханд тохируулсан тусгай хөтөлбөрөөр үнэ төлбөргүй үйлчилгээг өнөөдрийн байдлаар 600 гаруй хүүхэд, 200 гаруй насанд хүрэгчдэд хүргээд байна.

Тухайлбал “Музейд суралцахуй” нэгдсэн боловсролын хөтөлбөрийн хүрээнд “Монгол гэр үүссэн домог”-ийг “Хайрцаг дахь үлгэр” хөтөлбөрөөр амилуулан бага насны хүүхдүүдэд толилуулж, монгол гэрийн иж бүрдэл, түүний үүслийг сонирхолтой танин мэдэхүйн аргаар боловсролыг түгээж байгаагаараа бусдаас ялгарч байгаа юм.

Мөн монгол гэрийн чухал бүрдэл хэсэг ЭСГИЙ хийх аргуудын нэг болох шивүүр зүүний аргыг танин мэдүүлж туршиж үзэх боломжтой “Монгол гэр” хийх эсгий урлалын хөтөлбөрийг 12-оос дээш насныханд зориулан олгож байна.

Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, өвийг түгээн дэлгэрүүлэх, Монголын өв уламжлал, соёлын үнэт зүйлийг таниулах, үр хойчдоо өвлүүлэн уламжлуулах зорилго агуулсан дээрх хөтөлбөрүүдэд өргөнөар хамрагдахыг урьж байна.

Үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэх тул, өргөө цагаан гэрүүдээр зочилж мэдлэгээ тэлээрэй.