image
clock
2024-05-10
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО СУДЛАЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БУЙ СУДЛААЧДАД ШАГНАЛ, ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО

Чингис хаан Үндэсний музейн Номын санд “Бодлогот баатар Б.Цэнд гүн” сангаас түүний нэрэмжит шагналыг өнөөдөр (2024.05.10) Монголын нууц товчоо /МНТ/-ны хэлний авиалбарын тогтолцоо, МНТ-ны монгол хэлийг галигласан хятад дүрс үсгийн судалгаа бүтээлээрээ МНТ судлал, түүнийг дэлхий дахинд таниулан, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж доктор, профессор Л.Маналжав, ШУА-ийн түүх, угсаатны хүрээлэнгийн МНТ судлалын ахлах судлаач, доктор, дэд профессор А.Пунсаг нарт, тэтгэлэгийг МНТ судлалын чуулган, МНТ судлалын ном зүй зэрэг бүтээлээр үнэтэй хувь нэмэр оруулсан үйлсийг өвлөн үргэлжлүүлж буй МНТ судлаач Пүрэвжавын охин Соёлмаа нарт олголоо.

Энэхүү арга хэмжээг нээж, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Бодлогот баатар Б.Цэнд гүн нь Монголын нууц товчоог Хятад үсгээс монгол хэлэнд хөрвүүлсэн анхны хүн. Түүний үр хүүхэд, ач, зээ санаачилж Цэнд гүн санг байгуулж, 2016 оноос хойш МНТ судлалд жинтэй хувь нэмэр оруулсан, хоёр жил тутам хоёр хүртэлх хүнд урамшуулал дэмжлэгийг олгодог. Одоогоор шагналыг 6 хүнд олгоод байгаа бөгөөд, мөнгөн урамшуулал дагалддаг. МНТ судлал бол монгол судлалын тулгуур багана. Тийм учраас МНТ судлалд анхны шанг татсан Цэнд гүний үр удмынхан нийлж, шагналыг ОУ-ын Монгол судлалын холбоотой анх зохион байгуулсаар ирсэн. МНТ-ны судалгаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс онцгой анхаарал тавьж ажиллаж байгаа. Манай музей бол Чингис хаан, Монголын эзэнт гүрэн, МНТ, Монголын хаад, язгууртны түүхийг судлах гол газар гэдэг утгаараа энэхүү арга хэмжээг энэ жилээс хамтарч хийсэн” гэдгийг онцолсон.

Энэ үеэр “Бодлогот баатар Б.Цэнд гүн” сангийн тэргүүн Д.Начин “Нагац аавын минь хүндтэй шагналыг Чингис хаан Үндэсний музейтэй хамтарч XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын хоёрны өдөр гардуулж байгаадаа маш их билэгшээж байна гэлээ.

Бодлогот баатар Б.Цэнд гүн нь Богд хаант Монгол Улсын Засгийн газарт бичээчээс эхлээд Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны дэд сайдын тушаалыг хааж явсан бөгөөд МНТ-г анх монгол бичгээр сийрүүлэн 1917 онд орчуулж дуусгасан МНТ судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.

Чингис хаан Үндэсний музейн номын сан нь байгуулагдаад хоёр жил болж байгаа ч номын сан хөмрөгөө 7000 гаруй номын цуглуулгаар баяжуулаад байна.