image
clock
2024-05-18
РАШИД АЛ-ДИНЫ ХЯТАДЫН ТҮҮХ БА XIV ЗУУНЫ ЕВРАЗИЙН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ТУХАЙД ЛЕКЦ БОЛЛОО


Чингис хаан Үндэсний музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран эрдэмтдийн лекцийг олон нийтэд зориулж үнэ төлбөргүй хүргэдэг. 

Ээлжит лекцээ Венийн их сургуулийн Монголын түүх, соёл судлалын төвийн эрхлэгч, доктор Франческа Фиаскетти “Рашид ал-Дины Хятадын түүх ба XIV зууны Евразийн соёлын солилцооны тухай” сэдвээр (2024.05.17) Чингис хаан Үндэсний музейн 4 давхрын хурлын танхимд зохион байгууллаа.

Рашид ал-Дины Судрын Чуулган номын нэг хэсэг нь Хятадын түүх юм. Ил хаадын үед монгол хаадын захиалгаар бичигдсэн бүтээл учир эл зохиолыг бичихийн тулд олон орны эрдэмтдийг цуглуулж олон төрлийн ном судар захиалж, өргөн судалгаа хийгдсэн нь Евразийн эрдмийн солилцооны үед бий болсон томоохон ажил.                   

Иран, Хятад хоёрын хоорондын соёлын харилцаа, Исламын ертөнцөд Хятадыг танилцуулахыг зорьсон хэдий ч Рашид ал-Дины бүтээлд тухайн үед хэрэглэж байсан дундад монгол хэлээр байсан олон нэр томьёог ашигласан нь монголчуудын түүхэнд ихээхэн ач холбогдолтой юм.