Монгол улсын музей 100 жилд эрдэм шинжилгээний хуралд
“Монгол улсын музей 100 жилд: өв соёл, соён гэгээрэл” үндсэн илтгэл
С.Чулуун (Чингис хаан Үндэсний музейн захирал, академич)
Монгол улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжихтэй зэрэгцэн музей хэмээх соёлын орон зайн томоохон салбар үүдээ нээх эхлэлийг тавьжээ. Бидэнд мэдэгдэж байгаа баримт, мэдээллийн хүрээнд анх 1921 оны эцсээр Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд “жич хүрээлэнгийн газар дэлхий дахины улсын бичиг судрын сан ба музей хэмээх зүйл бүрийн сонин зүйл хурааж олон хүн үзэж танихад тустай” хэмээн хүрээлэнгийн дэргэд музей байгуулах ажлыг төлөвлөж даруй 3 жилийн турш музейн эд зүйлсийг бүрдүүлж, байр савыг хайсаар 1924 он гэхэд сая анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй. Музейг байгуулах бэлтгэл нэлээдгүй цаг хугацааг өнгөрөөж байгуулагдахдаа Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анх удаа бий болсон бөгөөд анхны харьяалан эрхлэгч нь Оросын судлаач В.И.Лисовский байсан бөгөөд ердөө 2 орон тоотой эхэлж байжээ.
Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд хожмын номын сан, музей, архивын эхлэл тавигдсан бөгөөд тус хүрээлэнгийн анхны дарга Онходын Жамьян музейг давхар хариуцуулжээ. Анх музей байгуулах үед Судар бичгийн хүрээлэнгийн цаашдын хөгжлийн гол үзэл баримтлал болсон эрхлэх үйлдвэрийн товчоо хэмээх хөтөлбөрийн тусгай ангийн нэгдүгээрт
“Монгол улсын музей байгуулж, харьяат орон газрын байдал төлөв, түмэн бодис ба ард олны ахуй байдал бүхнийг үзүүлэн Монгол улсыг танин мэдэхүйд бэлтгэн хадгалбаас зохино. Улсын музейн доторх ангиудад түмэн бодисын анги, археологийн ба эх түүхийн анги, эд боловсруулах ба хөдөө аж ахуйн анги, этнографийн анги”
гэж бүтэц зохион байгуулалтын хувьд төлөвлөсөн бөгөөд музейн сан хөмрөгийг бүрдүүлэх зорилгоор 1500 лан мөнгийг баталж жил бүр мөнгийг нэмэгдүүлэхээр тогтжээ. Музейн сан хөмрөгийг бүрдүүлэхэд хүмүүс хувь цуглуулга эдэлж хэрэглэж байсан зүйлсээ сайн дураараа өгөх, хайж явж бүрдүүлэх, хээрийн шинжилгээний ангиудаас олдсон зүйлс, бусад байгууллагуудаас шилжүүлсэн зэрэг зүйлсээс бүрдүүлж байв. Байгалийн баялаг, өвөрмөц мод, чулуу, яс зэрэг зүйлсээс эхлээд хуучны бөөгийн онгод тахилгыг хүртэл хайж олж сан хөмрөгөө бүрдүүлэхээр ажиллаж тал тал тийшээ өв соёлын эрэлд бэдэрч эхэлсэн бөгөөд Зөвлөлтийн олон чиглэлийн шинжилгээний ангиуд монгол нутагт хээрийн судалгаа хийж байсныг ашиглаж ургамал, амьтан, түмэн бодсын зүйлс, археологийн дурсгалууд зэргийг цуглуулж музейн сан хөмрөгийг хэдхэн жилийн дотор 5-6 мянга болгож чадсан байна. 1923-1929 оны хооронд Зөвлөлтийн 23 шинжилгээний анги, Судар бичгийн хүрээлэнгийн 16 удаагийн анги, хамтарсан 41 анги ажилласан байна. Эдгээрийн хамгийн томоохон нь П.К.Козловын удирдсан Монгол-Түвэдийн шинжилгээний анги, АНУ-ын Байгалийн түүхийн музейн Р.Ч.Эндрюсийн удирдсан 1922-1923, 1925 онуудад явуулсан шинжилгээний ангиуд болно. Тухайлбал, Р.Ч.Эндрюсийн анги монголын музейд зориулан монголын говиос олдсон эрт галавын дурсгалууд, олон төрлийн чулуулгийн зүйлс зэргийг өгөхөөс гадна өөр тивийн амьтан ургамлын зүйлсээс ч АНУ-аас илгээж байсан түүхтэй.
1924 оны 5 сарын 20-нд Богд Жавзундамба таалал болсны дараа түүний ордонд байсан янз бүрийн амьтны чихмэл, бусад сонин содон зүйлсийг цуглуулж Судар бичгийн хүрээлэнд музейд ашиглуулахаар шилжүүлсэн нь хожмын музейн сан хөмрөгийн баялаг сан хөмрөгийн эхлэл болсон юм. Тухайн үеийн ноёд язгууртнууд өөрсдийн үе удам дамжин ирсэн зүйлсээс гадна орон байшингаа хүртэл үнэ өртөггүй, эсвэл маш хямдаар өгч байсан сайхан жишээ Монголын музейн үүсэл хөгжлийн түүхэнд бий. Тухайлбал, Эрдэнэ Жонон ван Ширнэндамдин өөрийн байшингаа хямдаар өгч, Сэцэн хан Навааннэрэн өөрийн байр оронгоо бэлэг болгон өргөж, Далай Чойнхор ван Цэдэнсоном бичиг соёлын дурсгалуудаа, Сэцэн Чин ван Наянт өөрийн хадгалж байсан Данжуур, Ганжуурын хөлгөн их судруудаа, Дархан Чин ван Пунцагцэрэн өөрийн дээдсийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийг музей байгуулахад өргөсөн түүхтэй. Өөрөөр хэлбэл монголын музейн үүслийн түүхэнд хүн бүр нийгмийн зэрэг дэв, ялгамж үл хамааран бүгд идэвх зүтгэлтэй хандаж байсны ачаар өнөөгийн бид бүхний тэмдэглэн дурсаж буй музейн түүх эхэлжээ. Тэр үеийн ноёд язгууртнууд өөрийн улсын эрх ашгийг эрхэмд үзэж, өв соёл, эрдэм мэдлэгийг эрхэмлэж байсныг өнөө цагтай харьцуулж харахад эсрэг тэсрэг харагдана. Ганцхан жишээг дурдахад хангалттай гэж ойлгож байна. Сэцэн хан Навааннэрэнгээс
“дээд эцэг өвгөдийн байгуулсан Сэцэн ханы орд харшийн голын байшингуудыг Судар бичгийн хүрээлэнд өгч хойчийн хүмүүнд сонирхуулан үзүүлж музей байгуулахуй дор үнэхээрийн санаа татгалзаж үнэ өртөг хураалгахгүй дуртайяа туслан ирсүгэй хэмээхээс гадна Навааннэрэн миний бие нутагт буцах тул тэрхүү байшин сав, эд хогшил зүйлийг үзэж хүлээн авах тусгай албаны хүмүүнийг томилон гаргаж үзүүлэн өгөхөд бэлтгүүлнэ үү”
хэмээн хүсэлт гаргаж өгсөн байдаг.
Монголын музейн түүхэн дэх хамгийн анхны тусгай үзэсгэлэнг 1925 оны 9 сард хөгжмийн зэмсгүүдээс бүрдсэн анхны үзэсгэлэнг Судар бичгийн хүрээлэн зохион байгуулсан бөгөөд удалгүй П.К.Козловын удирдсан шинжилгээний ангийн эд өлгийн зүйлсийг Зөвлөлтөд авч явахын өмнө 1925 оны 11 сард тусгайлан үзэсгэлэн болгож ард олонд танилцуулсан нь санамсаргүй зүйлс бус ийм хэмжээний сонин содон зүйлс гарсан гэдгийг ард олонд танилцуулсан бололтой.
Музейн сан хөмрөгийг баяжуулах ажлыг эрчимтэй явуулж байсан ч тухайн үед Монголын нийгэмд хүчтэй өрнөсөн үзэл суртлын хана хэрэм босож, нийгмийг хагаралдуулж, анги давхаргын ялгаа бий болж, баруунтан зүүнтэн болж хуваагдсан 1920-иод оны эцсээс музейн зорилго чиглэл алдагдаж хувьсгалт үзэл санааны болон ноёд феодалуудыг үзэн ядуулж шүүмжлэх хэрэгсэл болж хувирсан байна. 1929 оноос эхэлсэн Феодалын хөрөнгийг хураах үйл явцаар ноёд язгууртнуудын эдэлж хэрэглэж хадгалж ирсэн зүйлсийг хүчээр хураан авч музейд шилжүүлж, тэднийг ард олонд танилцуулах ажлыг хийж нугалаа завхрал хүртэл гаргаж байсан тал бий. Тухайлбал, 1929 оны 12 сард феодалын хөрөнгөнөөс Судар бичгийн хүрээлэнгийн шинжилгээ ба музейд хэрэглэн авах зүйлүүдийг хэрхэх тухай шийдвэр гарч
“феодалын тэр цагийн байдлыг таниулан үзүүлэх нь чухал болох тул тэр цагийн эдлэлийг хураан цуглуулах” ёстой хэмээн “хэдэн зуун мянган жилийн урьдын буюу үл танигдах элдэв бодис онц юм болбоос ямар ч зүйл цөм чухал холбогдох тул”
хэмээн цуглуулах зүйлсийн жагсаалт гарган хөдөө орон нутагт мөн мэдэгдсэнээр музейн сан хөмрөгийг бүрдүүлэхдээ хүч хэрэглэн цуглуулсан байдаг. Энэ цаг үед Улаанбаатар төдийгүй хөдөө орон нутагт музейг байгуулж ард олныг гэгээрүүлэх, үзэл суртлыг түгээх хэрэгсэл хэмээн ойлгож байсны нэг нь 1925 оны эцсээр Улиастай хотод музей хэмээх үзэсгэлэнгийн хорооноос музей байгуулах санал гаргасныг Гэгээрүүлэх яаманд уламжилсан байна. Тус бичигт
“Улиастай хотын газар боловсон улсын нэгэн адил музей байгуулбаас эцэс ба эдүгээгийн боловсролд үнэхээр сайн болох учир тогтоон шийтгэх ажаамуу”
хэмээн 5 зүйлийг тусгай хуудас болгон бичихдээ музей хэмээх нэгэн зүйлийг алив орон хот газар байгуулбаас дэлхий дахины чимэг болох төдийгүй аливаа ард түмний үзэгчдэд гэгээрэх боловсрохын охь манлай мөн болой хэмээн зорилгоо тодорхойлж музей байгуулах зөвшөөрлөө авсан бол Сэцэн хан нарын ордон Хэнтий аймгийн төвд музейн зориулалтаар ашиглуулахаар болсноор Халхын 4 ханы ганц ордон өнөөг хүртэл үлдэж хоцорсон түүхтэй. Нэг талаасаа эдгээр нь хэлмэгдүүлэлтийн хар шуурганы өмнө музей хэмээх зүйлсийг байгуулж амжсан явдал нь хожмын монголын олон өв соёл устаж үгүй болохоос бага боловч хамгаалж үлдээх үндэс болсон гэж ойлгож болно. 1929 оны байдлаар музейд нийт 2000 төрлийн 5000 орчим үзмэр цугласнаас гадна 8000 орчим хуудас ургамлын хамаатал цугларсныг бүртгэн дансалж, төрөл төрлөөр нь ангилан хувааж цэс үйлдсэн нь музейн нэгдсэн сан хөмрөг хэрхэн бий болсныг харуулна. Түүгээр зогсохгүй мөн оны эхний хагасын байдлаар жилд 5000 орчим үзэгчид үзсэн нь музейн үйл ажиллагаа харьцангуй тогтмолжиж нэлээд олны анхаарал татах болсныг илтгэнэ.
Улмаар 1931 онд Хувьсгалын музейг Ардын хувьсгалын 10 жилийн ойд зориулан байгуулахаар эрчимтэй ажиллаж эхэлсэн нь анхны төрөлжсөн музей байгуулах үүд болсон гэж ойлгож болохоор байна. Хувьсгалын музей нь үндсэндээ хожмын Түүхийн музейн эхлэл болсон гэж ойлгож болно. Хувьсгалын музейн үзэл баримтлал, чиглэлийг харахад тодорхой. Хувьсгалын музей байгуулах ажлыг хэлээд хэдэн жил бэлтгэн боловсруулж үзэл баримтлал, дэглэлт зохион байгуулалт, сан хөмрөг үзмэрийн баяжилт хийх ажлыг ихээхэн идэвх зүтгэлтэй хийж гүйцэтгэсэн бөгөөд хэд хэдэн хэсгээс бүрдсэн салбартай музей байгуулахаар 4-5 жилийн турш бэлтгэж 1931 онд 10 жилийн ойгоор бэлэн болгож нээлт хийн Раднаабазарыг анхны эрхлэгчээр томилсон юм. Хувьсгалын музей байгуулахад Мэндбаяр, Балдандорж, Дэндэв, Чимэд, Цэвэл зэрэг хүмүүсийг идэвхийлэн ажиллуулсан нь хожмын Монголын түүхийн музейн үндэс суурь болсныг дурсах ёстой. Тухайн үед музейн эрхлэгчийн хэмжээнд ч ажиллах энэ чиглэлийн нарийн мэргэжилтэй хүн үгүй бөгөөд Улсын музейн захирлаар Шинжлэх Ухааны хүрээлэнд ажиллаж байсан Нина Тубянскийг ажиллуулж байсныг дурдахад хангалттай. Хэдийгээр боловсон хүчин хомсдолтой, байр савны гачигдалтай, үзмэр үзүүлээгийн хувьд нөхцөл бага байсан ч тухайн үеийн Шинжлэх Ухааны хүрээлэн, түүний удирдлагын зүгээс байнга анхаарч монголын өв соёлыг цуглуулах бүрдүүлэх, хуулбарлах, хумьж цуглуулахын төлөө уйгагүй зүтгэлээр ажиллаж байсан юм. Тухайн цаг үе Монголын хувьд ихээхэн хүндхэн 1932 оны зэвсэгт бослого, баруунтан зүүнтний зөрчилдөөн, их хэлмэгдүүлэлт, Халх голын дайн гээд нийгмийг хамарсан үймээн, хямрал асар ихтэй байсан. Хэдий тийм хүнд хэцүү цаг үе боловч Монголын музейн түүхэнд их сорилт, их зүтгэлийн жилүүд байсныг түүхийн баримт гэрчилнэ. Шинжлэх ухааны хүрээлэнгээс хуучин сүм хийдүүд, ордныг сэлбэн засах, музейн зориулалтаар ажиллуулах, агуулах сав болгох, үзмэр, цуглуулгаа найдвартай газарт хадгалах, зөөх тээвэрлэх, устаж үгүй болж буй сүм хийдүүдээс үзмэр цуглуулгыг татан авах, ховор нандин зүйлсийг тусгайлан хүн илгээж цуглуулах, хээрийн судалгаа шинжилгээний ажлыг бага сага боловч орон нутгуудад илгээх ажлуудыг тасралтгүй явуулж өнөө бидний үед хүрэх үүдийг тавьсан юм.
Тухайн үед ШИнжлэх Ухааны хүрээлэнг бүтэн 10 жил удирдан зохион байгуулж, их хэлмэгдүүлэлтийн шуурганд устгаж үгүй болголгүй авч үлдэж өөрөө 15 жилийн ялаар шийтгүүлж байсан Лхамсүрэнгийн Дэндэвийн алсыг харсан ухаан, ноён нуруу, мэдлэг ухааны цараа ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Мөн Улсын музейн даргаа нийт 17 жил ажилласан Дамбаравжаагийн хувь нэмэр асар их болохыг энэ 100 жилийн түүхийн хуралд дурсан тэмдэглэх хэрэгтэй болов уу.
Лхамсүрэнгийн Дэндэвийн шийдвэрээр үзэл суртлын хатуу шуурга хуучны эд өлгийн зүйлсийг устгаж үгүй болгохыг урьтал болгуулалгүй хадгалан хураан авч үлдэж, Шанхын хийдээс Чингис хааны цагаан сүлд, Эрдэнэ зуугийн туурган дахь Автай сайн хан тэргүүтний зургийг хуулбарлуулан, Богдын Голын ордон, Чойжин ламын сүм, Эрдэнэ зуу, Заяын хүрээ, Гандан хийдийг хэвээр авч үлдэх санал гаргаж, Сэцэн ханаас Чингисийн тугийн сүмийн хар сүлдийг авчруулж, Номын сангийн баялаг сан хөмрөг, архивын баримтуудыг байж болох бүхий л хүчээрээ авч үлдэхийг зорьж ажиллахын сацуу Зөвлөлт улсад нарийн мэргэжлийн чиглэлээр нэлээд олон залуусыг сургахаар илгээсэн нь хожмын нэртэй эрдэмтэн Дүгэрсүрэн, Дамдинсүрэн, Хурлат, Аюурзана зэрэг олон алдартан бий болж салбар шинжлэх ухааны эхлэл тавигдаж музейн салбарын үндэс болсон шинжлэх ухааны мэргэжилтэн бий болсон юм. Хэдийгээр тэдгээр хүмүүс музейд шууд ажиллаагүй ч хожмын салбар музей хөгжихөд онцгой хувь нэмэр оруулсан. Энэ үед музейн боловсон хүчин орон тоог тогтоож музейн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, бүртгэгч, музейн тайлбарлагч, музейн засагч, комендант, цэвэрлэгч, энгийн манаач зэрэг орон тоог албан ёсоор баталж өгсөн байна. Ийнхүү 1921-1940-өөд он хүртэлх хэдэн жил нь Монголын музейн түүхэнд музей хэмээх байгууллага бүрэлдэн тогтож, сан хөмрөг бүрдүүлэх, байр савтай болох, боловсон хүчний орон тоогоо албажуулах, ард олонд музейн тухай ойлголт өгөх эхлэлийн үе байжээ гэж үзэж байна. Музейн түшиглэн хөгжиж түүний үйл ажиллагааг Шинжлэх Ухааны хүрээлэнгийн дэргэд шууд харьяалалтай байгуулж байсан нь монголын музей анх үүсэн буй болсон цагаасаа шинжлэх ухааны үйл ажиллагааны суурь дээр бүрэлдэн тогтсон нь цаашид хөгжихөд зөв зам байсан гэж үзэж байна. Өнөөдөр музейн салбарын нэгэн томоохон тулгуур тэргүүлэх үйл ажиллагаа нь шинжлэх ухаан танин мэдэхүйн үйл ажиллагаа хэвээр байна.
Харин 1940-өөд оноос 1966 он хүртэл Монголын музейн хөгжлийн хувьд орон нутгийг судлах кабинетууд аймгуудад байгуулагдаж, зарим салбар чиглэлийн музей бий болох эхлэл тавигдаж, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн үе гэж ойлгож болно. Гэсэн хэдий ч дайны болон дайны дараах сэргээн босголтын хүндхэн үе, үзэл суртлын хүчтэй нөлөө, хэлмэгдүүлэлтийн хар шуурга холдож мартагдаагүй цаг үе байсныг бид санах учиртай. Тэр бүү хэл Шашныг эсэргүүцэх музей байгуулах, Х.Чойбалсангийн дурсгалын музей байгуулах ажлыг явуулж байв. Харин шашныг эсэргүүцэх музей нь бие даасан байдалтай байгуулагдаагүй бололтой байна. Учир нь 1944 онд Гандантэгчинлэн хийдийг дахин сэргээсэнтэй уялдуулан нэрийг Шашны музей болгосон бололтой. 1952 оны 7 сарын 5-ны өдөр Х.Чойбалсангийн музейг түүний эхнэр Гүндэгмаагаар хариуцуулан 17 хүний орон тоотой баталж өгч байжээ.
Энэ үеэс орон нутгууд аймгийн төвүүдэд “Орон нутаг судлах кабинет”-ийг байгуулахаас гадна дурсгалын болон хувьсгалын музейнүүд ихээхэн төр засгийн анхааралд өртөж эхэлсэн нь үзэл суртал, нийгмийн хөгжлийн тухайн үеийн бодлого, зорилготой шууд уялдаатай. Мөн энэ үеэс музейг шинээр байгуулагдсан Соёлын яаманд шилжүүлэн өгөх ажлыг эрчимжүүлэн 1956 оны 6 сарын 8-нд Улсын Төв музей, Шашны музей, Богдын ордон музейн үзмэрийн зүйлс, үзмэр шинэтгэх лаборатори, цуглуулгын фонд, орон барилга, эд хогшил, машин техник, орон тоо, төсөвт хөрөнгийн хамтаар Соёлын яаманд шилжүүлэхийг Шинжлэх Ухааны хүрээлэнгийн дарга Жагваралд даалгасан шийдвэр Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын гарын үсэгтэй тогтоол гарснаар өнөөг хүртэл музейг Соёлын яамны харьяанд харьяалуулах болсон билээ. Энэ үеийн музейн түүхэнд гарсан нэгэн сонин шийдвэр нь соёлын зүйл юмыг гадаадад гарахыг хориглосон шийдвэр байв. 1950 оны 5 сард манай орны соёлын өвийг хамгаалах, хувьсгалт холбогдолтой, түүхийн холбогдолтой, соёлын холбогдолтой, урлагийн холбогдолтой бөгөөд онц ховор соёлын зүйл ба ном хэвлэлийг гадаадад гаргахыг онцгойлон хориглов хэмээн төрөл зүйл бүрээр нарийн цэс үйлдсэн байна. Энэ нь нэг талаасаа монголын соёлын зүйлсийг сурталчлах, түгээх явдлыг хаасан мэт боловч нөгөө талаасаа бүрэн бүтэн хадгалах хамгаалах явдал байсан гэж үзэж байна. Тухайн үед дайны дараах байдал, хятадтай нээлттэй харилцаатай зэрэг асуудал бий.
1940-1960-аад оны үед Хувьсгалын музей тэргүүтэй газрын бүх үзмэрийн нэгдсэн бүртгэл акт үйлдэж данс бүртгэлийг чамбайруулж, тодорхойлолт үйлдэж, орос, монгол хэлээр тодорхойлолт хийх зэргээр музейн нарийн мэргэжил шаардсан зүйлсийг өөрийн хэмжээнд хийж эхэлсэн үе юм. Энэ нь хожмын төрөлжсөн музей байгуулах, орон нутаг судлалыг хөгжүүлэх, бүртгэл мэдээллийг нягтлан сайжруулах,явуулын үзэсгэлэнгүүд гаргах, үзмэрийг алдаж устахаас хамгаалах ажлын эхлэл байсан гэж үзэж болно. Үнэн хэрэгтээ музейн хөгжил харьцангуй орхигдсон байдалтай байсныг музейн анхдугаар хурал дээр хэлэлцэхдээ тодорхой дүгнэсэн байна. Тэрхүү дүгнэлтэд
“музей болбоос тус улсын эрт эдүгээгийн хөгжил болон түүх, дурсгалын зүйлсийг биеэр цогцлоон үзүүлсэн үнэ бүхий газар болно. Музей нь дан ганц цугларуулах, хадгалуулах мэтийн архивын чанартай газар мэт агсан нь дутагдалтай. Музейн үзэлтийн зүйл ч зарчим журам үгүй хутгалдуулан талбисан нь зохихгүй. Музейн хөгжил улсын хөгжлөөс хоцорсон явдал туйлын дутагдалтай”
хэмээн дүгнэсэн ба тухайн үедээ хаалттай байдлаар Чойжин ламын сүм музейг 1942 онд байгуулснаар төрөлжсөн музейн эхлэл өргөжих болсон.
1952 онд Хувьсгалын музейн бүх үзмэрийг тоолж, үнэ хөлс, хаанаас ирсэн зэрэг бүхий л байдлыг тодорхойлоод, нийт 117 мянган төгрөгийн үнэлгээтэй, 9589 эд өлгийн зүйлс байгааг бүртгэжээ. Эвдрэл, гэмтэл зэргийг ч мөн нарийн гаргаж ихэнх дурсгалын гэрэл зургийг авч бүртгэлдүүлэхийг даалгаж, гэмтсэн бэртсэн, алдагдсан зүйлсийн жагсаалтыг нарийвчлан гаргасан байна. Өөрөөр хэлбэл энэ үеэс музейн эд өлгийн зүйлсийн аюулгүй байдал, бүртгэл мэдээллийг ихээхэн анхаарч эхэлсэн нь хожмын музейн үйл ажиллагааг өргөтгөхөд чухал хувь нэмэр болсныг түүх гэрчилнэ. Музейн үзмэрүүдийн хувь тавилан, тэдний бүрдсэн түүх, хожмын музей судлалд маш үнэтэй баримт болдог гэдгийг та бид сайн мэднэ. Эдүгээ ч зөвхөн тогтсон хэдэн асуулгын дагуух акт төдий биш нарийвчлан бүртгэсэн данс бүртгэл, холбогдох мэдээлэл зэргийг сайтар дэлгэрэнгүй хийж сан хөмрөгийн бүрдэл бий болгох аваас хожим нэмэртэй буй за. 1956 оны нэгдсэн тооллого бүртгэлээр гэрэл зураг, тосон ба усан будгийн бүтээлүүд, монгол урлалын зүйлс, хувцас хунар, цэргийн зэр зэвсэг, түүх, археологийн дурсгалууд, палеонтологи, зоологийн үзмэрүүд, мөнгөн эдлэл, зоос мөнгө, бурхны тахил, хурал номын хэрэглэл, гадаадын бэлэг сэлт, бусад зүйлс гэсэн төрлөөр үнэ, ширхэг тус бүрээр бүртгэн Улсын музейн тайлбарлагч Наваанд хүлээлгэн өгсөн байна. Мөн оны 4 сард Улсын Төв музейн дэргэд үзмэр худалдан авах комисс гэдгийг байгуулж ховор чухал үзмэр сэлтийг хуралдан шийдвэрлэх болсон байна. Өөрөөр хэлбэл хожмын мэргэжлийн зөвлөлийн эх үндэс тавигджээ гэж ойлгож болно.
Тухайн үед 1949 онд Улсын Төв музейн данс бүртгэлийг шинээр хянан хөтөлж, музейн нөхцөл байдал, үзмэрийн хадгалалт хамгаалалтын талаар хийсэн танилцуулгын доторх саналын нэн тэргүүнд үзмэрийн зориулалттай байртай болох, сайн чанарын стандарт шаардлагад нийцэх сан хөмрөгтэй болох, музейн үнэт зүйлсийг 1 жилд ядаж 2 жилд нэгдсэн тооллого хийж байх, музейн сан хөмрөгөөс элдэв зүйлийг дураар шилжүүлэн авахыг хориглох, өгөх бол бүрэн тодорхойлсон актын хамтаар хугацаатай шилжүүлж байх, үзмэрт мэргэжлийн хүмүүс гаргаж дүгнэлт гаргуулах, хосгүй чухал үнэтэй зүйлсийг байр савтай болтол Монгол банканд хадгалуулах зэрэг арга хэмжээ авахыг хүссэн байна. Музейн үйл ажиллагааг өргөтгөх, үзэгчдийн тоог нэмэгдүүлэх, төрөөс анхаарал тавих, үзэсгэлэнг байнга өөрчлөн сольж сонирхуулах зэрэг ажлыг эрчимжүүлснээр Сүхбаатар, Чойбалсан, Улсын түүхийн музей гурвыг 1949-1950 онуудад нийт 100 орчим мянган үзэгч үзсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн үеийн хүн амын 10 хувь гэж ойлгож болно. Энэ үед МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлөөс музейн талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх эхлэл бий болж музейн цаашдын хөгжлийг тодорхой авч үзэхийг чухалчилсан байна. Үүндээ
“...музей нь Монголын соёлын амьдралд онцгой суурийг эзлэх бөгөөд монгол ард түмний сэтгэлгээний ба материаллаг соёлын түүх, манай орны нүүр царайг бусад орны жуулчин гийчний өмнө товчлон үзүүлэх ёстой. Нийслэл хотын музейнийхэн нүүр царайг бүх талаас нь үнэн зөв тусган харуулж чадахуйцаар зохион байгуулах явдал хойшлогдошгүй шаардагдаж байна. Үүнд музейнхнийг зохих тохиромжтой орон байртай болгох, тэдгээрийн улс төр шинжлэх ухааны суртал нэвтрүүлэх ажлыг чухал газрууд болгон зохион байгуулах, чадвартай шинэ хүчнээр хангах чухал байна”
хэмээн онцгойлон тодорхойлоод цаашид бие даасан салбар музейнүүд байгуулах, шинэ байр савтай болох, хаалттай музей буюу Чойжин ламын сүм музей, хувьсгалын музей зэрэгт засвар үйлчилгээ хийх, сэргээх янзлах саналууд гаргасан нь цаашид музейн талаар нам, төрөөс авч хэрэгжүүлэх бодлогын эхлэл болсон гэж ойлгож болно. Зарим дурсгалын музейг татан буулгах ажлууд хийгдэж 1961 онд ардын хувьсгалын 40 жилийн ойн өмнө Сүхбаатар - Чойбалсангийн дурсгалын музейг татан буулгаж музейн барилгыг НАХЯ-ны мэдэлд шилжүүлэн гадаадын өндөр дээд төвшний зочдыг хүлээн авах газар болгосон байна. Энэ үе болоход 1956 онд байгуулагдаж шинээр тохижуулж орсон Улсын төв музейгээс өөр бие даасан байр савтай, зориулалтын агуулах савтай музей үгүй байв.
Харин Монголын музейн түүхэн дэх томоохон сэргэлтийн үе нь 1960-аад оны дунд үе болно. Анх 1965 оны 3 сарын 31-нд Дүрслэх урлагийн музейг байгуулах тогтоол гарснаар олон жилийн турш дуншиж үзэл суртлын хана хэрэмд захирагдаж байсан бие даасан урлагийн музей 1966 оны 7 сарын 23-нд нээлтээ хийж байгуулагдсан нь дараа дараагийн төрөлжсөн музейнүүд бий болох үндэс болсон гэж ойлгож болно. Мөн үүнтэй зэрэгцээд 1965 онд МАХН-ын Төв хорооны 308 дугаар тогтоолоор Соёлын яамны дэргэд Улсын Төв музейг түшиглүүлэн Музейн удирдах газрыг хоёрдмол удирдлагатай байгуулсан боловч төд удалгүй 1968 онд татан буулгаж Соёлын яаманд музей номын сангийн тасаг байгуулсан ч төд удалгүй 1972 онд Музей Удирдах газрыг дахин байгуулж музейн боловсон хүчнийг бодлогоор хангах, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй байсан бөгөөд тус газраас юуны өмнө хэдэн асуудалд онцгой анхаарах болсон юм. Юуны өмнө музейн болон соёлын өвийн эрх зүйн бичиг баримтыг боловсруулах, шинэ стандарт зориулалтын музейн байр байшингуудтай болох, боловсон хүчнийг системтэй бэлтгэх, өндөр хөгжилтэй орнуудын музейн туршлагыг авч хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, музейн сан хөмрөгийг баяжуулах, орон нутгийн музейг байгуулах зэрэг томоохон ажлуудыг эрчимжүүлж эхлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 1966 оноос эхлэн 1990 он хүртэлх 20 гаран жилийн хугацаанд Монголын музейн “сэргэлтийн алтан үе” байсан гэж дүгнэж болохоор байна. 1960-аад оноос нэлээд хэдэн төрөлжсөн болон салбар музей байгуулагдаж эхэлсэн бөгөөд 1967 онд Лениний музей, 1967 онд Дүрслэх Урлагийн музей, 1961 онд Улаанбаатар хотын түүх шинэчлэлийн музей, 1966 онд Монгол цэргийн музей, 1970 онд Төмөр замын музей, 1974 онд Театрын музей, 1982 онд НАХЯ-ны музей, 1989 онд Халх голын Ялалт музей тус тус байгуулагдсан байна. Дээрх музейнүүдийг байгуулахад Улсын Төв музей хэдэн зуун үзмэрээ сан хөмрөгөөсөө гарган өгч үндэс суурийг нь тавьж өгсөн.
1966 онд Соёл урлагийн хуучин дурсгалт зүйлсийг цуглуулах хамгаалах тогтоол, 1970 онд “Музейн сан хөмрөгийн дүрэм”, “БНМАУ-ын Соёлын дурсгалт зүйлийг хамгаалах хууль” зэргийг гаргаж эрхзүйн орчныг бүрдүүлж эхэлсэн. Музейн боловсон хүчнийг системтэй бэлтгэх, ялангуяа ЗХУ болон социалист орнуудад мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх урт богино хугацааны сургалтад хамруулах, уран бүтээлчид, мэргэжлийн эрдэмтэн судлаачдыг татан оролцуулах, лекц семинар тогтмолжуулах ажлуудыг хийж эхэлсэн. 308 дугаар тогтоолын ёсоор орон нутаг судлах кабинетыг орон нутаг судлах музей болгон өргөтгөж 13 аймагт музейг байгуулсан бөгөөд цаашлаад суманд орон нутгийн кабинет байгуулах эхлэл тавигдсан төдийгүй үүнийг үлгэр болгохын тулд Төв аймгийн сумуудад жишиг музей байгуулах ажлуудыг хийжээ. Улсын Төв музейн дэргэд үзмэр шинэтгэх лабораторийг байгуулан амьтны чихмэл дүрс, засал хийх, ажлын хэсэг ажилласнаар орон нутгийн музейнүүдэд амьтан ургамлын зүйлсийг хийх зэргээр бодитой туслалцааг үзүүлэхийн зэрэгцээ дэлхийн томоохон уралдаан, фестивальд хүртэл оролцох болсон байна. Монгол Улсын Соёлын гавьяат Л.Цэвэлийн урласан Аргалын чихмэл 1967 онд Югослав улсаас алтан медаль хүртсэн нь Монголын музейн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн юм.
Музейн удирдах газраас орон нутаг судлалын музейг өргөтгөх, боловсон хүчнийг боловсруулахад онцгой анхаарч олон арга хэмжээг явуулж байсан. Их төлөв байгаль, түүх, орчин үе, дайчин уламжлал гэсэн бүтэцтэй байсан бөгөөд тухайн орон нутгийн онцлог, түүх соёлын өвөрмөц хэв шинжийг харгалзалгүй нэгэн жигд байдлаар зохион байгуулж байсан. Орон нутгийн музейд тухайн үеийн тухайн нутгийн алдартай хүмүүсийг алдаршуулах, эрдэмтэн судлаачид, ахмад зүтгэлтэн гавьяат үйлстнийг залуу хойч үеийнхэнд үлгэр дуурайл болгон урьж уулзалт яриа зохион байгуулах, сурталчилгаа танин мэдэхүйн ажлууд олноор хийдэг нэг ёсондоо үзэл суртлын нэгэн чухал газар болон хувирсан юм.
Музейн барилга байгууламжийн хувьд гаргасан томоохон шийдвэр нь 1967 оны 1 сард МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлөөс гаргасан 1971 он гэхэд “Монгол ардын хувьсгалын музей” байгуулах шийдвэрийн тогтоол юм. Хувьсгалын музей байгуулах бэлтгэл ажлыг хангах, үзмэрийг бүрдүүлэх, шинэ материал сурвалжлан цуглуулах, эрдэм шинжилгээний лавлагаа мэдээллээр хангах, эрдэм шинжилгээний талаар удирдаж ажиллахыг Намын түүхийн институтэд даалгаж, барилгын зургийг 1968 он гэхэд гаргаж дуусгахыг Барилгын Төв зөвлөлд тус тус даалгасан байна. Гэвч ажил төлөвлөгөө ёсоор амар хурдан шуурхай явагдаагүй бөгөөд 1970 оны 5 сард сая барилга угсралтын ажлыг Улсын төлөвлөгөөний комисст даалгаж, төсөв санхүүг шийдвэрлэхийг даалгасан бөгөөд 1971 оны Ардын хувьсгалын өмнө маш богино цаг хугацаанд хийх болсон нь уг барилга хэдийгээр стандарт сайн баригдсан ч олон зүйлсийг дутуу мөчид хийсний шалтгаан гэж ойлгож болохоор байна. Гэвч өнөөгийн Монголын Үндэсний музей нь сүүлийн 50 гаруй жилийн туршид Монголын музейн хөгжлийн түүчээ болж ирснийг бахархан дурдахыг хүсэж үе үеийн бүхий л албан хаагч, хамтран ажилласан бүхий л хүмүүст 100 жилийн түүхт ойн мэнд уламжилж байна.
Монголын хувьсгалын музей нь хожим Монголын Үндэсний түүхийн музейн үндэс суурь болсныг та бид сайн мэдэх бөгөөд сан хөмрөгийн бүрдэл нь Улсын төв музейгээс угсаатан, түүхийн баримт эх хэрэглэгдэхүүнийг салгаснаар Үндэсний музей байгуулах үндэс төдийгүй шинэ тутамд байгуулагдсан Чингис хаан Үндэсний музейн гол үзмэрийн цөм нь болсон юм. 1966-1974 оны хооронд Улсын Төв музейн хувьд хамгийн гол анхаарсан зүйл нь үзмэр баяжуулалт, сан хөмрөгийг нэмэгдүүлэх явдал байсан бөгөөд бие даасан шинжилгээний ангийг олноор Монгол нутагт явуулж маш амжилттай үр дүнд хүрч чадсан юм. Түүгээр зогсохгүй 1975 онд БНМАУ-ын Хувьсгалын музейн дүрмийг боловсруулан гаргаж байжээ. Тухайн үед Түүхийн тасгийн дарга асан Ч.Содном 4 удаагийн хайгуул шинжилгээгээр 500 гаруй үзмэр, Байгалийн тасгийн дарга Н.Дарьсүрэн 5 удаагийн хайгуулаар 400 үзмэр, чихмэлчин Л.Цэвэл хээрийн шинжилгээгээр хэдэн мянган олдвор амьтны цуглуулга бүрдүүлсэн байдаг. Үндсэндээ өнөөгийн Монголын Үндэсний болон улсын чанартай музейн сан хөмрөгийн байгаль, түүх, угсаатны гол олдвор үзмэрийг эдгээр жилүүдэд бүрдүүлж чаджээ. Энэхүү баялаг үзмэр, олдворт эрдэм шинжилгээний тайлбар тодорхойлолтыг хийх, хамтарсан хээрийн шинжилгээ зохион байгуулах, боловсруулахад эрдэмтэн судлаачдын оруулсан хувь нэмэр маш их бөгөөд тэд ч өөрсдийн судалгааны ажилдаа музейн баялаг сан хөмрөгийг ашиглаж ном бүтээлээ туурвисаар ирсэн туурвин бүтээсээр байгаа нь шинжлэх ухаан, соён гэгээрлийн төв нь музей байсаар ирснийг нотолно.
1950-иад оны дундаас эрдэмтэн судлаачдын бүтээлүүд, тухайлбал, О.Шагдарсүрэнгийн Улсын Төв музейд буй ан амьтад, Археологич Ц.Доржсүрэнгийн Улсын төв музей дахь чулуун зэвсэг, Н.Довчингийн БНМАУ-ын палеонтологийн шинжилгээ, О.Намнандоржийн Мөнх хааны гэрэлт хөшөө зэрэг цувралуудыг дурдаж болно. Мөн музей судлал (Studia museumlogica) (1968, 1975, 1978) хэмээх цувралыг Улсын төв музей эхлүүлсэн нь анхны мэргэжлийн сэтгүүл байсан бөгөөд тодорхой бус шалтгааны улмаас зогсонги байдалд орсныг хожим Үндэсний музей “музей судлал” хэмээх нэрээр дахин залган нэлээд хэдэн сайн цувралыг хэвлүүлсэн. 1960-аад оноос Монгол улсад музейн бие даасан салбарыг хөгжүүлэхэд Соёлын яам, Музейн удирдах газар, Улсын төв музейн дарга Ядамсүрэн, Г.Сумъяа, Д.Тунгалаг, Цэрэндоо, Соёлын сайд Болд, Сосорбарам, Б.Сумьяа, С.Лувсанвандан, музей хариуцсан мэргэжилтэн Бүрнээ, Балдандоржийн Арилдий, Ардын зураач Чүлтэм, Цэнд-Очир, Даваасамбуу, Д.Наваан, О.Намнандорж зэрэг хүмүүсийг тэргүүн эгнээнд дурдаж болно.
Ийнхүү Монголын төр засгаас музейн үйл ажиллагаанд онцгой анхаарч, бие даасан Удирдах байгууллагыг бий болгож, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, төрөлжсөн болон салбар музейнүүдийг төв болон орон нутгуудад байгуулж, мэргэжил арга зүй, үзмэр баяжилт, судалгаа шинжилгээ, бодлого, үйл ажиллагааны хувьд дэмжин ажиллаж, төрийн бодлогод шинжлэх ухаан - соёл, гэгээрлийн нэгэн чухал салбар гэж авч үзэж, чадварлаг үндэсний мэргэжилтнүүдийг бий болгож чадсанаар 1990-ээд он болоход Монголд музейн нэгдсэн сүлжээ бий болж, бие даасан соёл, шинжлэх ухааны төвүүдийг бий болгож чадсан амжилтыг үзүүлж байв. Гэвч нийгмийн өөрчлөлт, үндэсний үзлийн нэгдмэл ойлголт, түүх, соёлын дурсгалд хандах хандлага, үзэл суртлын хямрал, эдийн засгийн уналт зэрэг олон хүчин зүйлсээс хамаарч музейн салбарт нийгмийн бусад салбарын адил хямрал нүүрлэсэн гэж ойлгож болно.
1991 оны эцсээр Улсын Төв музейг татан буулгаж, түүх угсаатны хэсгийг Хувьсгалын музейд шилжүүлэн Үндэсний түүхийн музей, хуучин музейг Байгалийн түүхийн музей болгон салгаж олон төрөлжсөн музейнүүд, галерей байгуулагдаж эхэлсэн бөгөөд Монголын музей дэлхий дахинтай харилцах боломж бий болсныг дурдъя. Сүүлийн 30 жилийн хугацаа бол монголын музейн түүхэн хөгжлийн шинэ эргэлт, шинэ сорилтын жилүүд байсантай хэн ч маргахгүй болов уу.
1990-оны нийгмийн өөрчлөлтийн дараа музейн нөхцөл байдал хүндхэн болсон ч нөгөө талаасаа дэлхий дахинтай харилцах боломж бүрдэж, шинэ чиглэл, шинэ арга зүйгээр ханган ажиллах боломж бүрдсэн ба дэлхийн музейн салбар өндөр хөгжсөн улс орнуудтай хамтран ажиллах, мэргэжил дээшлүүлэх, тэднээс сургалт арга зүйн зөвлөгөө авах, хамтарсан хээрийн судалгаа явуулах, зарим олон улсын чанартай үзэсгэлэнд оролцох, боловсон хүчний өөрчлөлт гарсан он жилүүд байжээ. Музейн шинэчлэл хийхэд Засгийн газрын дэргэдэх Соёл урлагийн хөгжлийн хороо нэлээд үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн Соёлын яам ч ихээхэн анхаарсан харагдана. Юуны өмнө 1992 онд 32 дугаар захирамжаар музейн үзмэр, сан хөмрөгийн улсын тооллогыг хийх шийдвэр гарсан нь ээдрээтэй цаг үед тооллого явуулах, бүртгэлийг сайжруулах, хяналтыг бий болгоход нэмэр болсон нь дамжиггүй. Хууль тогтоомжийн хувьд ч шинэчлэлт нэн шаардлагатай болж музейн үзмэр худалдан авах зөвлөлийн дүрэм, /1990/, 1997, 2009 онд улс, аймгийн чанартай музейн дүрэм, 1999 онд улс, аймгийн музейд үзмэр худалдан авах журам, 1999 онд музейн үзмэрийг хадгалж хамгаалах заавар, 2005 онд Монгол улсын музейн сан хөмрөгийн дүрэм зэргийг гаргаж музейн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдал, бүртгэл мэдээлэл, сан хөмрөгийн стандарт, үзүүлэг дэглэлт, боловсон хүчнийг бэлтгэх, хөрөнгө санхүүжилтийн тогтолцоо, ёс зүйн хэм хэмжээ, удирдлага зохион байгуулалт, сан хөмрөг ашиглах стандарт, үзмэр баяжуулалт зэрэг олон асуудлыг хууль дүрмийн хүрээнд хийх нөхцөлийг бий болгож байжээ. Гэхдээ энэ цаг үед буюу 1996-оноос Монгол улсад Соёлын яам татан буугдаж, бусад салбарын яамны бүрэлдэхүүнд багтаж, нэгдсэн цар хүрээтэй бодлого явуулах боломж хумигдаж, хавсраг байдлаар музейн үйл ажиллагаанд хандаж байсан нь доголдол буй болгож, урт богино хугацааны төлөвлөлт багатай, боловсон хүчний нэгдсэн бодлогогүй, бүрэн шинэчлэгдэж чадалгүй сүүлийн 30 жилийг туулж байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой.
Энэ хугацаанд Монголын музейн хөгжил дэвшилд эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөр, хамтын судалгаа, гадаад дотоод харилцааны цар хүрээ музейн салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ бидний хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадварын индекс ихээхэн доогуур, боловсон хүчний чадамж сул, музейн санхүү, хөрөнгийн чадамж мөхөс байгааг хамтын хүчээр засаж сайжруулах, боломж бүрдүүлэн ажиллах, ядаж бүс нутагтаа жишиг музейн салбар болох ёстой.
Музейн шинэчлэл, музейн дэлхий дахины хандлага, олон улсын музейн салбар хорооны Монгол дахь үйл ажиллагаа, бидний өмнө тулгарч буй асуудлууд үндсэндээ анхан шатны ахуйн чанартай зүйлсээс ч бүрэн ангижирч амжаагүй байна. Өөрөөр хэлбэл шинэчлэл үр дүнгээ бүрэн харуулаагүй гэсэн үг. Музейн сан хөмрөгийн нөхцөл байдал олон улсын төдийгүй ердийн стандарт шаардлага хангахгүй, музейн дотоод гадаад хамтын ажиллагаа үндсэндээ зогсонги, урт богино хугацааны нэгдмэл бодлого багатай, төр засгаас музейн салбарт томоохон шинэчлэл хийх бодлогын бичиг баримт бага явж ирсэн байна.
Харин сүүлийн 5 жилийн хугацаанд Соёлын яам бие даан байгуулагдаж, музей, соёлын өв, түүний хадгалалт хамгаалалтын шаардлага хангасан музейг байгуулах, төрөлжсөн музейнүүдийг бий болгох, музейн тухай хууль шинээр батлан гаргах, боловсон хүчний нөөц чадамжийг дээшлүүлэх, музейн гадаад нэр хүндийг өргөх талаар дорвитой хэдэн алхам хийсэн гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2019 оны 07 сарын 03-ны өдрийн Чингис хаан Үндэсний музей байгуулах Засгийн газрын тогтоол гаргасан нь түүхэн шийдвэр байсан бөгөөд хүнд хэцүү нөхцөл байдалд байсан ч төлөвлөсөн хугацаандаа хамгийн томоохон хөрөнгө оруулалт оруулж музейн салбарын 100 жилийн түүхэнд хамгийн томоохон стандарт бүтээн байгуулалт хийж чадсан. Мөн Соёлын яамнаас бодлого, үйл ажиллагааны хувьд музейн салбарт Үндэсний хэмжээний Археологи, Угсаатны музей, орон нутагт Хэнтий, Говь-Алтай, Өмнөговь, Дорнод зэрэг аймгуудад томоохон хэмжээний музей, түүх соёлын дурсгал бүхий газруудад мэдээллийн төвүүд байгуулж, урд өмнө байгуулсан Хархорум, Эрдэнэ зуу, Хөшөө Цайдам зэрэг орон нутаг дахь улсын чанартай музейнүүдийн хөгжлийн бодлогод анхааран ажиллаж байна гэж ойлгож байна.
Монголын музейн түүхэнд хамгийн олон орон тоог Чингис хаан Үндэсний музейд батлан, мэргэжлийн чиглэл бүрээр бие даасан салбар төвүүдэд хуваагдан, бүртгэл мэдээлэл, сан хөмрөг, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлах лаборатори, үзэсгэлэн үзүүлэг, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж стандарт бус орчинд хувь заяа нь мөхлийн ирмэг дээр байсан эд өлгийн зүйлсийг аюулгүй орчинд хадгалах, хамгаалах, бүрэн боломжийг бүрдүүлсэн музей байгуулагдсан. Байгуулагдаад 1.5 сарын дотор АНУ-ын National geographic сэтгүүлээс 2024 онд дэлхийд очиж үзэх Соёлын шилдэг 20 газрын нэгэнд Ази тивээс нэрлэгдэж, Францын Нант хотод 5 сарын турш 250 мянган үзэгчтэй үзэсгэлэнг гаргаж, дэлхийн 9 улсын нэр хүндтэй 14 музейтэй хамтын ажиллагааны гэрээ болон санамж бичгийг байгуулж, 11 улсын 14 нэр хүндтэй эрдэмтнийг урьж лекц сургалт зохион байгуулж, олон улсын чанартай 3 томоохон хурлыг удирдан зохион байгуулж, 310 мянган хүнд үйлчилж, Италийн сэргэн мандлын үеийн нэрт зураачийн эх зургаар үзэсгэлэн гарган, Лувр, Францын Үндэсний архив, музейд хадгалагдаж буй монголын өв соёлоор тусгай үзэсгэлэнг гаргахад бэлэн болсон нь өөрийн гэсэн яамтай, хууль эрх зүйн орчинтой болж, бодлогын зөв хэрэгжилт бодит ажил болсны эхний шат гэж ойлгож болно. Цаашид чармайх хэрэгтэй гэхдээ та бид хамтдаа хөгжиж хамтдаа бүтээх тавилантай буй за.
Бид Монголын хэдэн мянган жилийн турш хадгалж өвлүүлж ирсэн дурсгалыг цаашид урт удаан хугацаанд уламжлан хадгалъя гэвэл өнөөгийн өөрсдийн бодит нөхцөл байдал, боломжит орчныг сонгохоос өөр аргагүй. Монголын музейн салбарт олон жишиг зүйлсийг музейн салбарын бид хамтран хийх боломж 100 жилийн түүхээ дүгнэн авч үзэж, ирээдүйгээ тодорхойлох боломж бүрдүүлэх ёстой.
Монголын өв соёл, соён гэгээрлийн ордон музейн салбар үргэлж хөгжихийн ерөөл өргөе