Өнгөрсөн ба одоо, одоо ба ирээдүй хоёр цагийн хэлхээсийг холбосон “Гамма” агентлагийн гэрэл зурагчин, гэрэл зургийн сурвалжлагч С.Цацралтын “Хоёр цаг” үзэсгэлэн Чингис Хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд (2024.07.05) дэлгэгдлээ.
Монгол Улсын үе үеийн гүүрийг холбосон сонирхолтой үйл явдлууд, халуун сэдвүүд багтаж нэг мянганаас нөгөө мянганд шилжсэн бүхэл бүтэн зуун солигдсон үеийг хамарч байгаа. Монгол орондоо миний амьдарсан үеийн тухайн агшнуудыг гэрэл зурагт буулгасан нь бүрэн түүх, миний илэрхийлэхийг хүссэн бүх агуулгууд энэ удаагийн үзэсгэлэнгээр дамжигдан илэрч байгаа гэдгийг зурагчин С.Цацралт хэллээ.
Түүний гэрэл зургийн сурвалжлагчийн ажлаа хийж явах үе буюу 1984 оноос өнөөдрийг хүртэл авсан 120 гаруй бүтээлээрээ ийнхүү гурав дахь бие даасан уран бүтээлээ ард түмэндээ толилуулж байгаа нь энэ юм. Бүтээлүүд нь агуулгын хувьд түүхэн эрхмүүдийн хөрөг, түүхэн үйл явдал, байгалийн гэрэл зураг гэсэн гурван хэсэгтэй.
Үзэсгэлэнгийн бүтээлүүд бүгд Лимитэд эдишин ( limited edition ) бөгөөд бүтээл тус бүрд Монголын Галерейн Холбоо, Монголын Гэрэл Зургийн Нэгдсэн холбоо хамтран баталгаа гаргаж өгөх бөгөөд, үзэсэглэн нь Чингис Хаан Үндэсний музейгээс гадна Тара арт галлерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 19-нийг дуустал үргэлжилнэ.