image
clock
2024-08-02
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ БОЛГАРЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Болгар Улсын (БНБУ) Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Юлиан Ревалски, эрдэмтэн Нарийн бичгийн дарга Нели Косева нарыг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун (2024.08.02) хүлээн авч уулзлаа. 

Европын хамгийн эртний шинжлэх ухааны байгууллагуудын нэг болох Болгар Улсын ШУА-ийн удирдлага, төлөөлөгчид та бүхнийг музейгээр зочилж саатсанд талархаж байна. Манай музей монголын төрт улсын түүхтэй холбоотой олон ховор, сонирхолтой үзмэрийг нэг дороос үзэх боломжийг бүрдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд гадаадын музей, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтарсан олон томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулсаар ирсэн.Тухайлбал, Франц Улсын Нант хотын Бреттанийн гүнгийн ордон дахь Нантын түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг дэглэн гаргасан. Цаашид ийм төрлийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа учраас Болгарын ШУА-ийн харьяа Үндэсний археологи, угсаатан зүйн хүрээлэнгүүд болон тэдгээрийн музейдтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун илэрхийллээ. 

 Чингис хаан Үндэсний музей бол Монгол газар нутаг дээр оршин байсан төрт улсуудын түүхийг нэг дороос харж болох гайхалтай сайхан музей юм. Мөн үнэхээр том бүтээн байгуулалт болжээ. Манай оронд сүүлийн 30 жилд ийм хэмжээний бүтээн байгуулалт музейн салбарт хийгдээгүй хэмээн академич Юлиан Ревалски хэллээ.

Болгар Улсын ШУА-ийн харьяанд 40 гаруй шинжлэх ухааны хүрээлэнгүүд, музей, эрдэм шинжилгээний төвүүд үйл ажиллагаагаа явуулдаг, тэр дундаа түүх, археологи, угсаатан зүй, байгалийн ухааны байгууллагууд нь тэргүүлэх салбарууд болдог. Манай улсын ШУ-ны байгууллагуудын онцлог бол шинжлэх ухааны хүрээлэнгүүд нь тухайн салбарын музейтэйгээ нэгдсэн захиргаа, зохион байгуулалттай байдаг. Жишээлбэл, Болгар Улсын Үндэсний археологийн хүрээлэн музейг дурдаж болно. Өөрөөр хэлбэл, эрдэмтэн судлаачид, музейн салбарын мэргэжилтнүүд илүү ойр хамтран ажилладаг гэлээ. 

Уулзалтын төгсгөлд талууд хоёр талын хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлж, археологи, угсаатан зүйн чиглэлээр хамтарсан арга хэмжээ зохион байгуулах туршлага солилцох талаар санал нэгдэв.