Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг жил бүр зохион байгуулж байхаар тогтсон.
Энэ жилийн нүүдэлчин фестивалийн “Соёлын өвийн өртөө”-нд нэгдсэн хөтөлбөрийн дагуу Чингис хаан Үндэсний музейн зүгээс “Музейд суралцахуй” өргөөнд музейн боловсролын хөтөлбөрүүдээр (2024.08.16-18) үзэгч олонд үйлчилгээ үзүүлнэ.
Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 08 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд нийслэлийн Налайх дүүргийн “Тайж хайрхан”-ы бэлд зохион байгуулагдана.
Фестивалиар монгол түмний өв соёл, уламжлал, зан үйлийн үзүүлбэр, язгуур урлаг, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвүүд, идээ ундаа, 21 аймгийн онцлог бүхий соёлын өв зан заншил, ёс уламжлалтайгаа танилцах боломжийг бүрдүүлж өгдөг учир Та бүхнийг фестивалиар зочилж, морилон саатахыг урьж байна.