image
clock
2024-08-19
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ФЕСТИВАЛЬД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль жилээс жилд өргөжин тэлж, Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 1000 орчим өвлөн уламжлагчид, салбарын 150 гаруй байгууллагын төлөөлөл, дэлхийн 14 улсыг хамруулан 3 өдрийн турш үргэлжлэн нүүдэлчдийн соёлын өвийг сурталчлан амжилттай зохион байгуулагдлаа.

Чингис хаан Үндэсний музейн зүгээс музейн үзмэрт тулгуурлаж, музейн боловсролын найман хөтөлбөрөөр оролцож, 800 гаруй үзэгчдэд үйлчилж, мөн музейн виртуаль үзмэр болох ЮНЕСКО-д бүртгэгдсэн байгалийн үзэсгэлэнт газруудыг VR технологиор аялуулан үйлчилсэн нь үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байлаа.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин фестивалийг нээж хэлсэн үгэндээ ”Нүүдлийн соёл иргэншил нь зөвхөн хүн байгалийн харилцан шүтэлцээ төдий юмс үзэгдэл бус юм, түүний мөн чанарт нийгмийн тогтвортой хөгжлийг хангах шавхагдашгүй нөөц хадгалагддаг. Бид энэхүү нөөцийг таньж мэдэх, ахуй амьдралдаа хэрэглэх нь хүн төрөлхтний өмнө сорилт болон тулгараад байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, өлсгөлөн, үндэстэн угсаатны зөрчил мөргөлдөөн зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолж байв.

Фестиваль нь ард иргэд, өвлөн уламжлагчид, үзэгч сонирхогчдод өөр хоорондоо харилцан адилгүй газар газрын соёлын өвөрмөц хэв шинжүүдийг нэг дороос үзэх боломжийг олгож, үндэсний түүх соёл, өв уламжлал, ёс заншлаараа бахархах, харилцан суралцах, хүндэтгэх, хайрлах үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чухал арга хэмжээ боллоо.