Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Чингис хаан Үндэсний музей, Чингис хаан судлалын олон улсын холбоо (IACKS) хамтран "Монголын эзэнт гүрний өв: бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр (2024.08.22) олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогч эрдэмтэн, судлаачдад мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал уншиж сонордуулсны дараа Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуунд гардуулав. Мэндчилгээнд "Монголын эзэнт гүрний өв: бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл" олон улсын хуралд хувь нэмрээ оруулж, хуран чуулсан эрдэмтэн мэргэд Та бүхэн Монголын түүх, соёлыг тал бүрээс нь сурвалжлан судалж дэлхий нийтэд үнэн бодитоор сурталчлан таниулж байгаад МУ-ын Ерөнхийлөгч чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Монгол төрийн бодлогын цөмд Монгол судлал чухал байр суурь эзэлж ирсэн билээ. Монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон Чингис хаан судлалыг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд МУ-ын төрөөс Чингис хааны өв соёлыг бие даасан судалгааны хүрээлэнг Чингис хааны Үндэсний музейг түшиглэн байгуулсан. Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт “ Чингис хаан судлалын олон улсын холбоо”-г байгуулж дэлхийн олон орны эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, ном бүтээл хэвлэн нийтлүүлэх, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах үйл хэргийг дэмжин ажиллахаар тусгасан” гэдгийг онцолжээ.
Дэлхийн Чингис судлалын олон улсын их хурлыг МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар хоёр жилийн өмнө зохион байгуулсан. Энэ удаагийн хуралд Япон, Орос, Итали, Австри, Хятад, Иран, Франц, Герман, Ватикан Хот улс зэрэг 10 гаруй орноос Чингис хаан судлалаар судалгаа хийж байгаа хамгийн алдартай эрдэмтэн, судлаачид оролцож байна. Дэлхийд Чингис судлалыг хөгжүүлэх, Чингис хаан болон Монголын эзэнт гүрэнтэй холбоотой судалгааны ажил хийхэд МУ-аас дэмжлэг үзүүлэх, Чингис хаан музейд тулгуурласан Чингис хаан судлалын төвийг МУ-д байгуулах зэрэг олон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний хурал. Чингис судлалаар дэлхийд хамгийн том судалгаа хийж байгаа эрдэмтэд чуулж, цаашид монголын эзэнт гүрний түүхийг хэрхэн авч үзэх тал дээр хэлэлцүүлж байна. Хурлын илтгэлүүдийг нэгтгэн англи хэл дээр олон улсын томоохон хэвлэлийн газраар хэвлэн нийтлүүлнэ. Монголын эзэнт гүрэн дэлхий дахины улс төр, эдийн засаг, шашин, түүх соёл, оюун сэтгэлгээ, хууль, эрх зүй, шинжлэх ухаан, технологийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлж, түүх соёлын дахин давтагдашгүй өвийг үлдээсэн учраас монголын түүхийг харах дэлхий нийтийн хандлага ч өөр болж байгаа. Зөвхөн байлдан дагуулагч биш, Монголчууд Евро Азийн тухайн үеийн дэлхий ертөнцийн том солилцоог бий болгосон. Монголоос өөр ямар ч эзэнт гүрэн өнөөдрийг хүртэл хийж чадаагүй гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөөр байна. Өөрөөр хэлбэл Чингис судлалын шинэ үе дахин бий болж байна гэдгийг хурлын үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэллээ.
Хуралд оролцогч Олон улсын Чингис хаан судлалын ерөнхийлөгч, ОХУ-ын ШУА-ийн академич Николай Крадин Дэлхийн талыг эзлэн оршин тогтнож байсан Монголын эзэнт гүрний түүхэн өв соёлын судалгаа нь олон талын мэдлэг туршлага шаардсан нилээд өргөн цар хүрээтэй ажил байдаг. Эзэнт гүрний цогц судалгааг хийхэд хамгийн багадаа 5-6 хэл дээр бичигдсэн түүхэн эх сурвалжтай танилцаж, Евразийн уудам нутагт тархсан археологи, түүхийн дурсгалыг судлах хэрэгтэй болдог. Иймд Монголын эзэнт гүрэн болоод хоёрдугаар мянганы их хүмүүн Чингис хаантай холбогдох эрдэм шинжилгээний судалгааг эрчимжүүлэх, тэр дундаа цар тахлаас хойш саараад буй олон орны эрдэмтэн судлаачдын холбоо харилцааг сайжруулах нь судалгааны өндөр ач холбогдолтой” хэмээн хурлын үеэр онцолж байв.
Өнөөгийн ертөнцийн эх суурийг үндэслэсэн Монголын эзэнт гүрний түүх, түүний өв соёлыг судлах, тэр дундаа монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг тодорхойлох, монгол судлалын салбарыг сонирхон судлах гадаад, дотоодын залуу эрдэмтдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа билээ.
Энэ удаагийн хурлаар монголын эзэнт гүрний харьяат Улус, нэхмэл хийц ба материалын соёл, бараа, худалдаа, бэлэг солилцоо, эх сурвалж, гар бичмэлийн өв, бичгийн эх сурвалжийг баяжуулсан археологийн баримтууд, улс төрийн институци, бүтэц, гэр бүл, ураг төрлийн асуудал, шашны сүлжээ, угсаатны цөөнх зэрэг сэдвээр эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлэхийн зэрэгцээ судалгааны үр дүнгүүдээ танилцуулах юм.
Монголын эзэнт гүрэн дэлхий дахины улс төр, эдийн засаг, шашин, түүх соёл, оюун сэтгэлгээ, хууль, эрх зүй, шинжлэх ухаан, технологийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлж, түүх соёлын дахин давтагдашгүй өвийг үлдээсэн.