Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарласан билээ.
Энэ хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей, “Хөх бичиг” бичиг соёлын академи, Төв аймгийн Соёл, урлагийн газар хамтран “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс”-ийн 400-н жилийн ойд зориулсан уран бичлэгийн улсын уралдаан, үзэсгэлэнг 09 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь "Дуутын хад"-ны дурсгалт газарт амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Энэхүү үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны мэргэжилтэн А.Алтанцэцэг, Д.Мэндсайхан, Төв аймгийн Соёл, урлагийн газрын дарга Б.Тунгалаг, Дэлгэрхаан сумын Засаг дарга М.Анхбаатар, ИТХ-ын дарга Д.Цэцгээ болон бусад төлөөлөл оролцов.
Тус тэгш ойг тохиолдуулан зарласан “Халхын Цогт хунтайжын хадны бичээс” улсын уралдаанд нийт 16 уран бүтээлчид оюуны охь болсон бүтээлээ ирүүлсэн байна. Үүнээс уралдааны тэргүүн байрыг зураач Б.Содномдаржаа эзэлж, Дэд байранд зураач О.Ням-Очир, гутгаар байранд зураач М.Эрдэмбилэг, Тусгай байранд зураач, яруу найрагч Г.Мөнхбаатар нар тус тус шалгарч, Чингис хаан Үндэсний музейгээс эрхлэн гаргадаг ном, бүтээлийн дээжис “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнууллаа.
Мөн энэхүү арга хэмжээний үеэр монгол өв, соёлыг өвлөн уламжлагч нутгийн иргэдийн дундах сайхан айраг шалгаруулах тэмцээнийг “Айрагны нутгаар” ТББ-аас зохион байгуулж шалгарсан оролцогчдод тус байгууллагын тэргүүн, бригадын генерал Ч.Сосорбарам “Өргөмжлөл” дурсгалын зүйлсийг гардуулсан байна.
Мөн энэ үеэр зохиогдсон хуруу болон дэмбээний тэмцээнд 26 оролцогч оролцсоноос гадна, Чингис хаан Үндэсний музейн Боловсрол, олон нийтийн харилцаа маркетингийн хэлтсээс Цогтын хадны бичгийн дардас дарах хөтөлбөрийг хэрэгжүүлж 70 гаруй хүүхэд, багачууд хамрагдсан байна.