Хүннү гүрэнд холбогдох археологийн дурсгалт газар булш, оршуулга 15 мянга орчим байдгаас нийт олдворын 90 гаруй хувь нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон байдаг байна. Тиймээс “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал”-ыг дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх номинацийн бэлтгэл ажлын хоёр дахь хэлэлцүүлгийг эрдэмтэн, судлаачид, түүхч, археологчид Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд (2024.09.18) хийлээ.
Энэхүү хэлэлцүүлэгт Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулх газрын дарга Б.Даваацэрэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, ЮНЕСКО-ийн батламжит Байгаль, соёлын өвийг хамгаалах сангийн тэргүүн Н.Уртнасан болох бусад холбогдох албаны төлөөлөл оролцлоо.
Өнгөрсөн оны сүүлээр дээрх хэлэлцүүлгийн эхний уулзалтыг зохион байгуулж төслийн багийг томилон зургаан хэсэгт хуваагдан бэлтгэл ажлыг хангахаар болж, өнөөдөр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, танилцуулгатай холбогдуулан оролцогчдын санал хүсэлт, шүүмжийг тусган ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хороонд хүргүүлэхээр тогтлоо.
ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хороо манайхаас явуулсан материал, баримтат кинотой танилцаж үнэлэлт дүгнэлт өгч, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан гэж үзвэл ирэх 11 сард хариу зөвлөмж ирүүлнэ.