image
clock
2024-09-20
"НАЙРАМДЛЫН 75 ЖИЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, хоёр улс хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тус тус тохиож байна. Эдгээр түүхэн ой нь шинэ цагийн БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойтой хамт тэмдэглэж буйгаараа онцлог юм. 

Үүнтэй холбогдуулан Чингис хаан Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс санаачлан “Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг (2024.09.20) дэлгэлээ.

Үзэсгэлэнд 75 гэрэл зургийг толилуулж, хоёр улсын хооронд тогтоосон дипломат харилцааны эдүгэ хүртэлх түүхийг дурсах боломжийг олгож байгаагаараа онцлог бөгөөд долоо хоногийн турш үргэлжилнэ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан, МУ-ын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх нар оролцож тууз хайчлав.

Энэ удаагийн гэрэл зургийн үзэсгэлэн нь манай хоёр орны ард түмнүүдийн харилцан танин мэдэхүй, харилцан хүндэтгэл, итгэлцлийг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх илэрхийллээ.