image
clock
2024-10-14
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ҮЗЭГЧ ОЛОНДОО ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛСНИЙ ХОЁР ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Дэлхий дахинд амар амгаланг тогтоож, өнөөгийн ертөнцийг үндэслэсэн, мянганы суут хүмүүн Чингис хааны мэндэлсэн тал нутагт түүний нэрээр нэрлэгдсэн Чингис хаан Үндэсний музей байгуулагдаж нээлтээ хийснээс хойш хоёр жил гаруйн нүүр үзэж байна.

Өнгөрсөн хугацаанд манай хамт олон дотоод, гадаадын 383200 үзэгчдэд үйлчилж, 2023 онд Франц улсын Нант хотын Бретанийн гүнгийн ордонд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг дэлгэж, 250 мянга гаруй хүн үзэж сонирхсон бол, 2024 онд Монгол Улсад анх удаа Европын улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын эзэнт улстай холбоотой ховор нандин дурсгалуудыг эх нутагтаа авчирч, монголын түүхийг нэг дор бүрэн харах ховорхон боломжоор Монголчууддаа бэлэг барьж олон улсын түвшний үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд сар гаруй хугацаанд дэглэж 16181 хүн үзэж сонирхлоо.

Мөн Чингис хаан Үндэсний музейг АНУ-ын Үндэсний Газарзүйн нийгэмлэгийн “National geographic” сэтгүүлээс 2024 онд дэлхийд очиж, заавал үзэх ёстой топ 20 газрын нэгд багтаж, дотоод гадаадын олон улсын эрдэм шинжилгээний хэд хэдэн удаагийн хурал, симпозиумыг зохион байгуулж, шинжлэх ухаан танин мэдэхүйн төв төдийгүй соёл гэгээрлийн төв болж чадсан байна.

Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан цагаасаа хойш гадаад хамтын ажиллагаандаа ихээхэн анхаарч ажилласнаар өнөөдрийн байдлаар 10 гаруй орны нийт 20 гаруй музейнүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан томоохон төсөл хөтөлбөр, хамтарсан үзэсгэлэнг Европийн орнуудад зохион байгуулах эрхээ авч чадлаа. 

Чингис хаан Үндэсний музей түүчээлэн Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Монголын музей-100" жил нэгдсэн чуулганыг  Өвөрхангай аймгийн Хархоринд амжилттай зохион байгуулж, нийслэл хөдөө орон нутгийн музейн салбарын 300 гаруй төлөөллийг хамрууллаа.

 

 Түүх соёлоороо бахархдаг, бидний түүхийг хамтдаа бүтээлцсэн Монгол Улсын иргэн танд Чингис хаан Үндэсний музейн хоёр жилийн ойн мэндийг дэвшүүлэн талархал илэрхийлье. 

                          Түүх соёлоо эрхэмлэгч Танд баярлалаа