Aзи тив рүү жимээ гаргаж, дэлхий дахинаа нэр алдраа дуурсгасан агуу аялагчдын нэг Италийн Венец хотын худалдаачин Николло Пологийн хүү "Марко Поло"-ийн 700 жилийн ой тохиож буй билээ.
Энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музей, Итали Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Итали улсын монголч эрдэмтэн профессор Элизабетта Рагашнин хамтран Марко Пологийн амьдралын түүхийг өгүүлсэн тусгай үзэсгэлэнг зохион байгуулж, түмэн олондоо дэлгэн үзүүлэхээр боллоо.
Агуу аялагч Марко Поло нь Хубилайн Их хааны дэргэд (1272-1289) онуудад тасралтгүй 17 жил алба хааж, түүний итгэлт элч төлөөлөгчөөр ажилласан түүхтэй. Ийнхүү итгэлт элч төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн бүрэлдэхүүн улсууд болох Юань улсын олон муж улсуудын нутаг нутгийн хүн ардын аж амьдрал, зан заншил, ёс суртахуун, шашин шүтлэгийн талаар тэмдэглэж үлдээсэн бичвэр нь эдүгээ газар зүй, түүх судлал, хүн судлал, угсаатан зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдэхүүн болсоор байна.