image
clock
2024-11-22
УРАН ЗУРААЧ "МАРЗАН ШАРАВ"-ЫН ТАЛААРХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

XX зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач Марзан хэмээх Балдуугийн Шаравын намтар, уран бүтээл, эрдэм шинжилгээний хурлыг (2024.11.22) Чингис хаан Үндэсний музейд зохион байгууллаа. 

Хурлын үеэр МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн багш, доктор, профессор Ц.Эрдэнэцог "Бурханч зураач Б.Шарав Ардын Засгийн газрын анхны сонин, сэтгүүлийн зургийг зурсан нь" сэдэвт илтгэл, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн доктор О.Батсайхан "Монголын бурханы шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын институц ба Марзан Шарав" хэмээх судалгаа танилцуулж, Марзан Шарав сангийн тэргүүн Ч.Хишигчулуун "Зураач Балдуугийн Марзан Шаравын намтраас" зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлэв.            

Монголын орчин цагийн дүрслэх урлагийн үндэс суурийг тавьсан зураач Б.Шарав нь үндэстний өвөрмөц хэв, шинжийг агуулсан олон бүтээлээ туурвиж үлдээсэн билээ. Тухайлбал, Монгол Ардын Засгийн төв хэвлэл "Уриа" сонины зурган материалуудыг зурж, Ардын засгийн бодлогыг ард олонд илүү дөхөм аргаар илэрхийлж, шинэ амьдралын хэв маягийг сурталчилж байв. 

Уг арга хэмжээг ССАЖЗЯ, Чингис хаан Үндэсний музей, Монголын Урчуудын Эвлэл, “Баатар тайж” ХХК, “Марзан Шарав” сан хамтран хийв.