image
clock
2025-01-22
МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТНҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЭЖ, ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДЛАА

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас “Монголын сайхан бичигтэн-2024” олон улсын уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж шилдэг оролцогчдоо шалгаруулдаг билээ. 

Эх орны өнцөг булан бүрт суугаа зургаан настай балчраас 80 настай буурал хүртэл оролцож өрсөлддөг хамгийн олон оролцогчтой уралдааны дүн гарч шагнал гардуулах арга хэмжээ Чингис хаан Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд болж, шилдгүүдийн үзэсгэлэн давхар дэлгэгдлээ. 

“Монголын сайхан бичигтэн-2024” уралдаан нь 28 дахь жилдээ зохион байгуулагдаж жилээс жилд хүрээгээ тэлсээр дотооддоо төдийгүй БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орон, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын монгол бичигтнүүд оролцсоноороо онцлогтой бөгөөд нийт 1200 гаруй хүний бүтээл ирсэн байна. 

Уралдаан нь ЕБС-ийн бага, дунд, ахлах ангиллын сурагчид, мэргэжлийн багш, насанд хүрэгчид, уран бичлэг, сайхан бичигтэн, бичвэрийн бус бүтээл, монгол бичигтэн гадаад улсын иргэд зэрэг ангиллаар явагдаж, 12 дугаар ангийн сурагчдын ангилалд эхний гурван байрт шалгарсан сурагчийг МУИС, МУБИС-д дөрвөн жил буцалтгүй тэтгэлгээр суралцах эрхийн  бичгээр шагналаа.

Шагналыг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, МУ-ын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Л.Дашням болон бусад  албаны төлөөлөл оролцож гардуулав.