Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд Монголын их шүтээн Их Монгол улсын далай их Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай хаадын цээж барималын хөрөгийг Их Хаан уран бүтээлийн нэгдлээс бүтээж (2025.02.22) нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэн нь Монголын эзэнт гүрний түүхэн сурвалж, зохиол бүтээлийг судлан Тайванийн Тайпэй хотын Үндэсний музейд хадгалагдаж буй Их Монгол улсын гурван үеийн Чингис, Өгөөдэй, Хубилай гурван их хаадын эш хөрөг (Юань гүрний ордны Монгол зураач Хорихусун), Юань гүрний ордны зураач Лю Гуандаогийн “Хубилай хаан авд мордсон нь” бүтээл, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн “Чингис хаан”, “Өвгөн хуурч” зэрэг түүхэн бүтээлүүдийг үндэслэн бүтээгджээ.
Монгол хүний сэтгэлгээний онцлогт тохируулан МУЭ-ийн нэрэмжит шагналт, зураач Т.Одон, МУЭ-ийн гишүүн зураач А.Ууганбаяр, уран барималч Ж.Түмэнчулуун нар өөр өөрийн оюун санаа, дүрслэл, зохиомжийг боловсруулан уран зураг, уран баримлаар хаадын дүрийг бүтээсэн аж.
Үзэсгэлэнд нийт 20 гаран уран бүтээлийг үзэж сонирхохоос гадна Их хаадын дүрүүдийн төрх, зан байдлыг урлагийн бүтээлээр хэрхэн илэрхийлснийг мэдрэхийн зэрэгцээ, үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд олон нийтэд хүрнэ.