Соёл урлагийн дээд шагнал болох “Мөнгөн мод” наадмын чанар чансаа жилээс жилд улам сайжирч, энэ жилийн онцлог нь “Монгол урлагийг дэлхийн тайзнаа" агуулгын хүрээнд Дэлхийн театрын өдрөөр ёслол хүндэтгэлтэй зохион байгуулж (2024.03.27) соёл, урлагийн шилдгүүдээ тодрууллаа.
Эдүгээ 16 дахь жилдээ болж буй “Мөнгөн мод-2024” наадамд оролцсон уран бүтээлчид нь олон улсын хэмжээний томоохон уралдаан, фестивалд өрсөлдөн оролцож нийт 25 номинацид 163 нэр дэвшигч оролцсон байна.
Энэхүү наадамд Чингис хаан Үндэсний музейгээс Соёлын өвийн болон ном хэвлэлийн шилдэг бүтээл номинацид өрсөлдөн оролцож, шилдэгээр шалгарч шагналаа гардан авлаа.
СОЁЛЫН ӨВИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ:
Соёлын өв нь гайхамшигтай нандин үнэт зүйл байдаг. Энэ үнэт зүйлийг олон нийтэд Монголдоо төдийгүй дэлхий дахинд сурталчлан түгээж, хөдөлмөр бүтээлээрээ нэр дэвшсэн Чингис хаан Үндэсний музейн “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэн”-ээрээ “Мөнгөн мод 2024" наадмын “Соёлын өвийн шилдэг бүтээл”-ийн шагнал хүртсэнийг ССАЖЗЯ-ны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтйг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн онцолж, шагналыг гардуулан өглөө.
Онцлог: Тус үзэсгэлэн нь Их Монгол Улсын үед холбогдох Монгол эх нутгаас гаралтай ч өдгөө Бүгд найрамдах Франц улсын Үндэсний архив, Луврын музей, Севр Керамикийн музей, хувь цуглуулагч Самуэл Майэрс, Швейцарын холбооны Улсын Ритберг музей зэрэг дэлхийн олон газруудад хадгалагдаж байсан “Өлзий хааны Монгол бичгээр бичсэн захидал” тэргүүтэй 77 дэсийн 129 ширхэг соёлын өвийг эхээр нь авч ирж дэлгэсэн. Тус үзэсгэлэнг гадаад дотоодын 16,000 гаруй үзэгч үзэж сонирхсон бөгөөд “Magazine Historia” сэтгүүлийн “Шилдэг түүхэн үзэсгэлэн-2024" хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн байна.
С.ЧУЛУУН: ЧИНГИС ХААН СОЁЛТ ХҮН ТӨРӨЛХТӨНД СОЁЛЫГ БҮТЭЭЖ, ӨРНӨ ДОРНЫГ ХОЛБОСНОО ХАРУУЛЖ БАЙНА
Чингис хаан үзэсгэлэн хүнд бэрхийг туулж, Хятадтай хамтрах гэж байгаад зогссон байсан үзэсгэлэнг бид хөдөлгөж чадсан. Францын Нант хотын шилтгээнд Чингис хаан үзэсгэлэн таван сарын хугацаанд дэлгэгдэж 250 мянга гаруй үзэгч үзэж 2024 оны Европийн “History” сэтгүүлээс шилдэг үзэсгэлэнгээр шалгарсан.
Энэ үзэсгэлэн хэдхэн хоногийн өмнө Чехийн Алтан Прагад Чехийн Үндэсний музейн Хүндэтгэлийн танхимд үргэлжлэн нээгдсэн. Чингис хаан XIII зуунд ЕвроАзийг дайлж байсан бол, өнөөдөр соёлт хүн төрөлхтөнд соёлыг бүтээж өрнө дорныг холбосноо харуулж, Өрнөд Европид ийнхүү явж байна. Ирэх жилийн аравдугаар сард ХБНГУ-ын Берлин хотын Үндэсний музейн гол танхимд уулзахын ерөөл дэвшүүлье.