image
clock
2025-03-28
С.ЧУЛУУН: СУДЛААЧЫН ХУВЬД ЗОВЛОН ЖАРГАЛ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛЫГ ДАВАН ТУУЛЖ, ДЭЛХИЙД ТАРХСАН МОНГОЛЫНХОО ӨВИЙГ АВЧИРСАН БҮТЭЭЛЭЭРЭЭ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

"Мөнгөн мод 2024" наадмын “Ном хэвлэлийн шилдэг бүтээл”-ийн шагналыг “Дэлхийд тархсан Монгол өв” бүтээлээрээ Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Академич Сампилдондовын Чулуун хүртлээ.

Онцлог: Дэлхийн улс орнуудад тархсан Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалуудыг эрж хайх, хамтран судлах, хэвлэн нийтлүүлэх, мэдээллийн сан үүсгэх “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг академич С.Чулуун 2014 оноос хойш санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү бүтээл нь 11 жилийн хугацаанд ОХУ, Унгар, Дани, Япон, Тайвань, Норвег, Герман зэрэг улс орнуудын музей, номын сан, архив болон хувь цуглуулагч нарт хадгалагдаж буй Монголчуудтай холбоотой түүх соёлын дурсгал, эд өлгийн зүйлсийг олж илрүүлэх, хамтран судлах, хэвлэн нийтлэх албан ёсны зөвшөөрөл, мэргэжлийн тайлбар зүүлттэйгээр Монгол, Англи, Орос хэлээр нийт 12 цуврал боть болгон хэвлүүлээд байна.

С.ЧУЛУУН: Чингис хаан Үндэсний музейг төлөөлж, энэ тайзан дээрээс дээрээс олон сайхан шагналыг авсан. Энэ удаа би хувь судлаачын хувьд зовлон жаргал, гүтгэлэг доромжлолыг даван туулж хийсэн дэлхийд дахинд байгаа Монголынхоо өвийг авчирсан бүтээлээрээ авч байна.

Анх дэлхий дахины архив, номын сан, музей, хувь цуглуулгад байгаа Монголын ямар нэгэн цаг үед очсон өв соёл, тэр цаг үед манайхны үлдээсэн өв соёлыг Монголын ард түмэн, Монголыг сонирхон судалдаг хүмүүст хүргэхийг зорьж 2014 онд ганц төгрөгийн зоосгүйгээр Гадаад хэргийн яаманд хандан гуйж эхлүүлж байсан. Тэр цагаас хойш 11 жилийн хугацаанд өнөөдөр 12 боть бүтээлийг туурвин хэвлүүлсэн. Үндсэндээ 10 орчим мянган Монголын дурсгал хэвлэгдсэний 90 орчим хувь нь тухайн улс оронд өмнө нь хэвлэгдээгүй, дэлхийгээс цуглуусан бүтээлээ Монгол улсад анх удаа хэвлэн нийтэлсэн онцлогтой. Энэ дотор Эрмитажд хадгалагдаж байгаа 6300 дурсгалаас нэгийг ч үлдээлгүйгээр бүгд хэвлэгдсэн.

Тайвань, Унгар, Норвеги, Дани зэрэг орнуудад хадгалдагдаж байгаа өвийг Монголын ард түмэн Та бүхэнд үзүүлэн таниулах гэж харамгүй сэтгэлээр өгч, хамтран ажилласан судлаачиддаа маш их баярлалаа.

"Дэлхийд тархсан Монгол өв” төслөө зогсооё гэж бодож байсан бол цаашид 20 боть хүртэл үргэлжлүүлье гэж бодогдлоо.