Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх, эрх олгох сургалт долоо дахь удаагаа болж, хаврын улирлын эхний ээлжийнхэн нэг жилийн эрхтэй үнэмлэх сунгуулах давтан сургалтад 45 аяллын хөтөч,тайлбарлагчид (2025.04.10) хамрагдлаа.
Сургалтаар хамгийн сүүлийн үеийн судалгааны мэдлэг мэдээллийг олгохдоо түүхийн ухааны доктор, профессор багш нар музейн үзмэрийн танхимд практик сургалтыг хослуулан олгосон төдийгүй, өмнөх сургалтуудтай харьцуулахад оролцогчдын тоо хоёр дахин өссөн нь эрэлт хэрэгцээнд тулгуурласан цаг үеэ олсон сургалт байлаа.
Цаашид музейгээс уламжлал болгон зохион байгуулдаг дээрх сургалтыг чанаржуулах зорилгоор оролцогчдоос сэтгэл ханамжийн судалгааг авсан нь сургалтыг улам чанаржуулахад нөлөөлөх юм.
Сургалтын төгсгөлд аяллын хөтөч, тайлбарлагчид эрдэмтэн багш нартай хамтран дугуй ширээний ярилцлага хийж, оролцогчидтой хамтран сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлснээр өндөрлөв.