Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австри улсаас Монгол улсад анхны төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргий Дорис Шмидауэрийн хамт Чингис хаан Үндэсний музейд (2025.05.26) зочлов.
Хүндэт зочид, төлөөлөгчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун нар угтан авч, музейн Эртний Төрт Улс, Их Монгол Улсын танхим, Мөнгөн мод танхимуудаар зочлуулан, Австрийн Үндэсний номын санд хадгалагдаж байгаа “Төмөр Хутлуг хааны зарлиг бичиг”-ийн “А” хуулбарыг дэлгэн үзүүлж тайлбар хийсэн юм.
Чингис хаан Үндэсний музейн хадгалагддаг хуулбарт Зарлиг бичгийг Алтан ордны хаан Төмөр Хутлугаас зарлиг бичгийг эзэмшигч Мухаммедийг алба татвараас чөлөөлж, “таркан буюу дархан” цол олгохоор 1397 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Судак хотноо үйлдэж гаргасан хэмээн судлаачид тодорхойлсон аж.
Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Чингис хаан Үндэсний музейн хүндэтгэлийн өргөөн дэх Чингис хааны Алтан хөшөөг үзэж сонирхоод, музейн Хүндэт зочны дэвтэрт гэргийн хамтаар сэтгэгдлээ бичиж үлдээлээ.