"Тал нутгийн гэрэл” медиа үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын тусгай үзэсгэлэнгийн танхимд (2025.06.08) нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэн нь таван сонгодог зургийг орчин үеийн соёл иргэншил, олон улсын түүх соёлтой уялдуулан дижитал хэлбэрт буулгаж зургийн пиксел бүрд шинэ утга агуулгыг шингээж өгсөнөөрөө онцлогтой.
Үзэсгэлэнгийн нээлтэд БНСУ-ын медиа уран бүтээлч И Нам, БНСУ-ын Гуанжу хотын урлагийн музейн захирал Юн Иг, Чингис хаан Үндэсний музейн ерөнхий менежер Д.Эрдмаа, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Д.Мөнхчулуун болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
БНСУ-ын медиа урлагийн төрлөөр дагнан ажилладаг И Нам нь 2016 оны Бусаны биеннальд Google-ийн Tilt Brush технологийг ашиглан виртуал реалити бүтээл толилуулсан анхны Солонгос уран бүтээлч юм.
Тэрээр бүтээлүүдээ Бельги, Хятад, Франц, Катар, Сингапур, Их Британи, АНУ зэрэг улс оронд 800 гаруй удаагийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан аж.
Уран бүтээлч өөрийн уран яруу хэлээр, үндэстний хил, иргэншил, хүн төрөлхтөн нэгэн цул болон нэгдэж буй орчин үеийн нийгмийг дүрсэлж, байгалийн гоо зүй, амьд оршихуйн гэрэл гэгээг харуулахыг зорьдог.
Түүний бүтээлээс онцолбол, 19 дүгээр зууны сүүл үеийн Солонгосын байгалийг дүрсэлсэн Ким Ха Жоны “Тэнгис ба уулсын зурагт ном”-оос сэдэвлэсэн хөдөлгөөнт бүтээлүүд үзэсгэлэнгийн орон зайг бүрэн дүүргэнэ.Энэхүү олон давхар үет видео суурьтай инсталляци нь үзэгчдэд өөрсдийн төрсөн нутгийн дурсамжийг эргэн санахуйг уриалдаг аж.
Мөн “Солонгос ба Монголын туяа” бүтээл нь нар сар хоёр Солонгос-Монголын нутаг дэвсгэрээс өөр өөр талаас харагддаг ч, тэдний гэрэлтүүлж буй зүйл нэг л эх үүсвэртэй хэмээх санааг гаргаж байгаль, орчлон ертөнц, хоёр улсын үзэл “гэрэл”-ээр дамжин холбогдож байгааг өгүүлнэ. Уран бүтээлч өөрийн төрөлх нутгийн жаргах нарны туяа болон сарны тусгалаас сэдэвлэн бүтээлээ туурвисан бол Азийн байгаль орчныг тухай “Эх нутаг” шүлгээс сэдэвлэн цаг хугацаа, орон зайн гүн холбоог дүрслэн үзүүлэхийг зорьжээ.
"Улаанбаатар биенналь 2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус үзэсгэлэн 06 сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд үнэ төлбөргүй үзэгчдэд хүрнэ.