image
clock
2025-07-29
БНСУ-ЫН МУЗЕЙН УДИРДАХ АЖИЛТНУУД СУРГАЛТ ОРЖ, ТУРШЛАГА СОЛИЛЦОНО

Чингис хаан Үндэсний музей нь ажилтан, албан хаагчдынхаа мэргэжил,ур чадварыг дээшлүүлэх зорилгоор БНСУ-ын Гунжүгийн Үндэсний Их сургуультай хамтран ажиллаж “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” сургалтыг тогтмол зохион байгуулсаар ирсэн.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй музейн сан хөмрөг, үзмэр, эд өлгийн зүйлийн хадгалалт хамгаалалтыг хариуцан ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулан БНСУ-ын мэргэжилтэн, профессоруудыг урьж ирэх сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд ээлжит сургалтаа зохион байгуулна.

Энэ удаагийн сургалтад БНСУ-ын Ордон музейн захирал асан, Үндэсний соёлын өвийг дэмжих газрын дарга И Гүй Ён оролцох бөгөөд, Солонгосын Үндэсний музейн Хадгалалт хамгаалалтын газрын ахлах ажилтан Хо Илгвон “Музейн сан хөмрөгийн хадгалалт, менежмент”, Юн Инь их сургуулийн профессор И Бён Хүнь “Музейн орчин дахь биологийн хор хөнөөл”, Гунжү Үндэсний Их сургуулийн профессор Со Жон сог “Түүх, соёлын өвийн контент” сэдвүүдийн хүрээнд явагдана.

Дээрх сургалтыг Чингис хаан Үндэсний музейгээс өнгөрсөн онд хоёр удаа зохион байгуулсан бөгөөд, үзмэр эд өлгийн зүйлийн хадгалалт хамгаалалт хариуцсан 43 байгууллагын 121 ажилтнуудыг үнэ төлбөргүй хамруулж, сертификат олгоод байна.