Азийн Сторитэллинг хорооны 16 дахь удаагийн хурлаар дараагийн хурлын даргалагч орноор Монгол Улс сонгогдож, өнөөдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 17 дахь удаагийн хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулж байна. Азийн Сторителлинг хороо нь 2009 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Ази соёлын төвийн санаачилгаар Төв Азийн орнуудын (Казахстан, Киркизстан, Узбекстан, Туркменистан, Тажикистан) соёлын яамдтай хамтран байгуулагдсан билээ. Азербайжан, Монгол Улс 2022 онд гишүүнээр элссэнээр хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлсэн бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ази Соёлын Төв(ACC) нь нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэдэг.
Хороо байгуулагдсанаасаа хойш гишүүн орнуудын домог, түүх, баатарлаг туульсын сэдэвт 30 гаруй хүүхдийн номыг хэвлэн гаргажээ. Эдгээр бүтээлийн олонх нь жүжиг, хөгжимт жүжиг болон дижитал контент хэлбэрээр тайз, дэлгэцнээ амилж дэлхий дахинд хүрч байна.
Дашрамд дурдахад Азийн соёлын төв нь 2015 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш тус төв 19 сая гаруй зочид хүлээн авч, 1,900 гаруй соёлын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд эдгээрийн гуравны хоёр нь төвийн өөрийн боловсруулсан төсөл ажээ.
Энэ удаагийн хурлаар хуралдааны хөтөлбөрт багтсан асуудлуудыг хэлэлцэж, хорооны өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан аж. Мөн энэ удаагийн хурлыг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд хамтатган зохион байгуулж байгаагаара онцлог болж байна.