image
clock
2025-09-29
ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АРГА ХЭМЖЭЭ

Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/05 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Чингис хаан Үндэсний музейн дүрэм”, 2 дугаар хавсралт “Зохион байгуулалтын бүтэц” тус тус батлагдсан бөгөөд нэгжийн хувьд 4 төв, 1 хэлтэс, 13 баг, 169 орон тоог албажуулсан. Энэ хүрээнд музейн захирлын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар байгууллагын албан тушаалын нэр, зэрэглэл, орон тоог шинэчлэн баталсан.

Дээрх өөрчлөлттэй холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг үндэслэсэн Сонсох ажиллагааны мэдэгдлийг нэгж бүрээр гарган албан хаагчдад танилцуулан гарын үсгээр баталгаажуулах ажлыг 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулж өөрийн тайлбар, саналаа 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бичгээр гаргаж болох талаар мэдэгдсэн.

Байгууллагын зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдаж, нэгжийн нэр, зарим албан тушаалын нэр, ангилал зэрэглэл өөрчлөгдсөн тул 118 албан хаагчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага, мэргэшлийн түвшинг харгалзан 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэсэн тушаалыг музейн захирал нийт албан хаагчдад танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулсан.

Шинэ бүтцээр Эрдэм шинжилгээ, кураторын багийн эрдэм шинжилгээний ажилтнуудын албан тушаалд куратор нэршлийг нэмж, шаардлагатай гэж үзсэн ба зарим албан тушаалд арга зүйч нэрийг хэрэглэсэн. Дотоод нэгжийн ажлын байрны чиг хандлага, шинжилгээг байгууллагын үндсэн зорилго, зорилт, хууль тогтоомжид тусгагдсан чиг үүргүүд нэгжийн чиг үүргүүдэд бүрэн хуваарилагдаж орсон эсэхийг тодорхойлж, давхардал хийдлийг арилгах зорилгоор нэгж доторх ажлын ачаалал жигд эсэхийг шинжилж, чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгохын зорьсон. Тухайлбал:

1. Музейн гадаад харилцаа жилээс жилд өргөжиж, Койка, Жайка зэрэг олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байгаа тул Гадаад харилцаа, хамтын ажиллагагааны хэлтэс шинээр байгуулагдсан. Мөн дэлхийн ижил түвшний музейдтэй хамтран ажиллах, харилцан туршлага судлах, үзэсгэлэн гаргах зэрэг олон талт үйл ажиллагаа амжилттай явагдаж, цаашид улам өргөн хүрээг хамрах болсон. Иймд гадаад харилцаа хариуцаж буй 2 албан хаагчийн ажлын ачаалал их, гадны зочдыг угтах үдэх, байрлуулах, онгоцны билет захиалах, имэйлд тогтмол хариу өгч, харилцан санал солилцох зэрэг энгийн мэт боловч цаг хугацаа зарцуулсан олон ажлууд нэмэгдсээр байгаа тул тус хэлтсийг дарга 1, ахлах 1, гадаад харилцаа хариуцсан менежер 2, гадаад төсөл хариуцсан менежер 1 нийт 5 орон тоотой болгох нь зүйтэй гэж үзсэн.

2.Байгууллага суудлын хоёр автомашин, бага оврын автобус, ачааны машин гэсэн 4 төрлийн тээврийн хэрэгсэлтэй бөгөөд түүнийг ганц механикч-жолооч хариуцан хот дотор төдийгүй орон нутагт, археологийн малтлагад явахаас гадна яаралтай тохиолдолд жолооч байхгүй, зарим албан хаагчдыг дайчлах шаардлага гарч, замын хөдөлгөөний дүрэм журам зөрчиж байгаа зэргээс шалтгаалж жолоочийн орон тоо бий болгож, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай болсон. Мөн орон нутагт 5 цогцолбор нэмэгдсэн тул зайлшгүй 1 жолоочийн орон тоог нэмэх нь зөв шийдэл байлаа.

3.Нэг үйлчлэгчид ногдох талбайн хэмжээ их байгаа тул үйлчлэгчийн орон тоо 9 байгааг нэмэгдүүлж давхар бүрийг хариуцсан үйлчлэгчтэй болох нь оновчтой тул Аюулгүй байдал, үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн 2 оор нэмэгдүүлж 11 үйлчлэгчтэй ажиллах саналыг хүлээн авлаа. Ээлжийн ажилтан болох камер хянагч 3 байсныг 4, сантехникийн 2 ажилтан байсныг 3 болгон тус тус нэмлээ.

4.Үзмэр харгалзагч 10 орон тоотой ажиллаж байгаа бөгөөд хариуцсан нэгжээс 4 орон тоог нэмэх санал ирүүлсэн. Үүнээс 2 орон тоог Их хааны хүндэтгэлийн танхимын үзмэр харгалзагчаар 2 орон тоог виртуал өрөөнд гэсэн саналыг ажил олгогчийн зүгээс виртуал өрөөний үйлчилгээний ажилтныг Олон нийт, сурталчилгааны баг руу хувиарлахаар шийдвэрлэж Их хааны хүндэтгэлийн өргөөг харгалзах 2 орон тоог нэмж 12 үзмэр харгалзагчтай байхаар баталлаа.

5.Байгууллагын үндсэн хөрөнгө хариуцсан нягтлан бодогч нярвын ажлыг давхар эрхэлж байгаа нь хууль зөрчсөн гэж дотоод хяналт шалгалтаар анхааруулж байсан. Одоогийн аж ахуйн зохион байгуулагчийн албан тушаалын тодорхойлолтоор бараа материалын нярвын ажил үүргийг хийж байгаа бол үндсэн хөрөнгийн нягтлан бодогч нь үндсэн хөрөнгийн нярвын ажлыг хийж байгаа тул үндсэн хөрөнгын нярвын орон тоо бий болгох шаардлага үүссэн. Иймд аж ахуйн зохион байгуулагчийн орон тоог бараа материалын нярав гэж өөрчилж, үндсэн хөрөнгө, кассын нярвын орон тоог нэмэх нь зүйтэй гэж үзлээ.

6.Музей нь зоорийн хэсэгтэйгээ 10 давхар бүхий орчин үеийн үзмэрийн танхим, хадгалалт хамгаалалтын өрөө, оффисын өрөө, кино танхим, хурлын заалтай, инженерийн зохион байгуулалтын өндөр түвшинд баригдсан барилга байгууламжтай. Мөн орон нутаг дахь 5 цогцолборын барилгыг удахгүй хүлээн авч үйл ажиллагаа эхлүүлэх тул хариуцсан мэргэжлийн инженер зайлшгүй шаардлагатай гэж үзэн Барилгын аюулгүй байдлын инженерийн орон тоо бий болголоо.

7.Техникч нь лифтний аюулгүй ажиллагааг хариуцаж байгаа хэдий ч өнгөрсөн хугацаанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандаж байгаа нь ажиглагдсан. Иймд тус орон тоог агааржуулалтын инженер, барилгын инженер, цахилгааны инженерын аль нэг албан тушаалын ажлын ачааллыг харгалзан, нэгтгэж орон тоог хэмнэх, “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн дагуу лифтний цахилгаан-механикч эсвэл цахилгааны буюу механикч инженер мэргэжилтэй хүн байна гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэж шийдэж, техникчийн орон тоог хаслаа.

8.Биеийн тамир, спортын тухай хууль 2024 онд шинэчлэн батлагдаж өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага идэвхтэй хөдөлгөөн, спортоор дамжуулан ажилтны сэтгэл, оюуны болон бие бялдрын хөгжлийг дэмжих, хамт олны дунд нөхөрсөг, найрсаг харилцаа бүрдүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг явуулахаар хуульчилсан. Үүнд: - ажлын байрны онцлог нөхцөлтэй уялдуулан ажилтны идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчныг бүрдүүлэх; - спортоор хичээллүүлэх төлөвлөгөө гаргах, спортын тэмцээн зохион байгуулах, тэмцээн наадамд шаардагдах зардлыг байгууллагын жил бүрийн төсөвт тусгах;

- ажилтны бие бялдрын хөгжлийн сорилын түвшин тогтоох, тухайн түвшнийг бууруулахгүй байх, ахиулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх;

- аж ахуйн нэгж, байгууллага, салбарын хэмжээнд спортын тэмцээн, наадам зохион байгуулж, ажилтны бие бялдар, эрүүл мэндийг хамгаалах;

- байгууллага ажилтныг биеийн тамир, спортоор хичээллэхэд зориулсан спортын барилга байгууламж барьж ашиглах, спортын хэрэгсэл, тоног төхөөрөмж бүхий орчныг бүрдүүлэх; - тухайн байгууллага сайн дурын үндсэн дээр спортын клуб байгуулан ажиллуулах, биеийн тамирын ажилтантай байх гэж заасан тул Биеийн тамирын зохион байгуулагчийн орон тоог шинээр бий болгосон.

9.Одоогийн байдлаар олон нийт, сурталчилгааны чиглэлээр 3 албан хаагч ажиллаж байсныг 7 орон тоотойгоор баг болгон шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтыг олон нийттэй харилцах ахлах ажилтан болгон нэршлийг өөрчилж, олон нийттэй харилцах ажилтныг веб контент хариуцсан ажилтан гэж, веб дизайнерыг цахим мэдээлэл харилцаа холбооны ажилтан гэж тус тус өөрчиллөө. Шинээр сошиал медиа-судалгааны ажилтан, биеийн тамирын зохион байгуулагч, виртуал өрөөний үйлчилгээний ажилтны орон тоог нэмлээ. Дээрх баг нь 7, 4 давхрын арга хэмжээг хариуцан зохион байгуулж, байгууллагын веб, цахим хуудас, нийгмийн сүлжээнд мэдээ мэдээллийг бэлтгэн, үнэн зөв, түргэн шуурхай хүргэх юм.

10.Түүх, аялал жуулчал, хөрөнгө оруулалтын төвийн сан хөмрөгч, тайлбарлагч, үзэсгэлэнгийн куратор зэрэг албан тушаалыг чиглэл чиглэлийн багуудад хуваарилах талаар урд нь мэдээлж байсан. Тус төвд төвийн дарга, цогцолборын менежерүүд, цахилгаанчин, аж ахуйн ажилтан, жолооч, харуул, хамгаалалтын ажилтан, үйлчлэгч зэрэг орон тоог баталлаа.

11.Боловсрол, олон нийтийн харилцаа, маркетинигийн хэлтэс нь 2 маркетингийн ажилтантай байсан бол Хөрөнгө оруулалт, мерчендайз, худалдааны багийг шинээр байгуулж 4 болгон нэмэгдүүлж, борлуулалтын зохион байгуулагч буюу худалдагч 1 байсныг 3 болгон тус багт харьяалууллаа. Шинэчилсэн бүтцээр хэлтсийн даргаас эхлээд зарим албан хаагчдын албан тушаал, цалингийн шатлал буурч, зарим хүмүүсийн цалингийн шатлал нэмэгдэж байгаа бол зарим албан тушаалууд өөр багт шилжсэн. Эрх зүйн байдал нь хөндөгдсөн 28 албан хаагчаас цалингийн шатлал буурсан 9 албан хаагч байгаа бол цалингийн шатлал хэвээр үлдэх 15 албан хаагч, цалингийн шатлал нэмэгдэх 3 албан хаагч байсан. Эрдэм шинжилгээ, кураторын багт тайлбарлагчийг, Сан хөмрөгийн багт үзмэр харгалзагчийг тус тус хамааруулсан.



Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Чингис хаан Үндэсний музейн Захиргаа, эрх зүйн багийн Захиргааны ахлах арга зүйч Ж.Алтангэрэл

Хаяг, утасны дугаар: Чингис хаан Үндэсний музей, 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, 70212222