image
clock
2025-11-04
ЦАЙНЫ ЗАМ ГУРВАН УЛСЫГ ХОЛБОСОН ХУДАЛДААНЫ ИХ ЗАМ БАЙВ

Дэлхийд Евразийг холбосон хоёр томоохон замын нэг нь цайны зам. Сүүлийн жилүүдэд энэхүү сэдэв нь “соёлын зам”, “нийгэм-эдийн засгийн сүлжээ” зэргээр судлагдаж, олон улсын анхаарлын төвд орсоор байгаа.

Монгол нутаг дахь цайны замын түүхэн хөгжлийн үе шат,өртөөний зохион байгуулалт, соёлын солилцоо, эдийн засгийн үүрэг, геополитикийн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэстэйгээр хэлэлцэж, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, зорилгоор “Монгол орон ба цайны замын түүх” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг (2025.10.31) зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун цахимаар оролцож “Цайны замын судалгааг Монгол-Хятад, Монгол-Орос худалдаа, эдийн засгийн харилцаа гэсэн түүхэн уламжлалаар олон жил судалж ирсэн. Үндсэндээ цайны зам нэртэй боловч гурван улсыг холбосон худалдааны их зам. Орос, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа түүнд оролцох монголын оролцоо байр суурийг тод харья гэвэл цайны замын худалдааны бодлого үйл ажиллагааг харах хэрэгтэй. Хэлбэрийн хувьд өөр боловч агуулгын хувьд ялгаагүй” гэлээ.

Хэлэлцүүлгийг ССАЖЗЯ, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Чингис хаан Үндэсний музей, Монголын Цайны зам судлалын нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.