“Дэлхийд тархсан Монгол өв” төслийг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж Монголчуудын түүх, соёлтой холбогдох өвийг олон орны музей, архив, номын сан, хувь цуглуулагчдаас эрж хайж мэдээллийн нэгдсэн санг үүсгээд буй.
Уг төслийн санаачлагч, удирдагчаар Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун ажиллаж буй бөгөөд, өнгөрсөн хугацаанд Орос,Унгар, Дани, Япон, Тайвань, Норвеги, Герман, Их Британи улсуудад хадгалагдаж буй Монголчуудын түүх, соёлын өвийг 13 цуврал бүтээлээр хэвлэж, олны хүртээл болгоод байна.
Энэ удаад ОХУ-ын “Дорно дахины улсын музейн цуглуулга дахь Монголын урлагийн бүтээлүүд” номыг тус музейн судлаачидтай хамтран судалж, номын нээлтийг Москва хотноо (2026.11. 24) хийлээ.
Номын нээлтийн үеэр Академич С.Чулуун “Бид төслийг цаашид 20 боть хэвлэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ хүрээнд Дорно дахины улсын музейн ерөнхий захирал Александр Седовтой хамтран ажилласандаа баяртай байна. Анх 2023 онд Москва хотноо бид уулзаж, хамтран ажиллахаар ярилцаж байсан бол, өнөөдөр бидний ярилцсан зүйл ажил хэрэг болж, музейн ажилтнууд номын эхийг богино хугацаанд чанартай бэлтгэн ажилласанд талархаж байна. Номыг орос, монгол, англи хэлээр Улаанбаатар хотноо хэвлүүлсэн” гэдгийг хэллээ.
Энэхүү каталогит тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй XIX-XX зууны Монголчуудын бурханы шашны урлагийн бүтээл болон гоёл чимэглэл, хэрэглээний урлагийн бүтээлээс дээжлэн, шилмэл 270 үзмэрийг товч мэдээлэл, гэрэл зургийн хамт нийтэлж байгаа юм. Түүнээс гадна Дорно дахины улсын музейн Монголын цуглуулгын бүрдүүлсэн түүх, тэнд ажиллаж байсан ахмад судлаачид, эрдэмтдийн талаар товч мэдээлэл бэлтгэн оруулсан нь цаашид энэ чиглэлээр судалгаа хийх хүмүүст чухал хэрэглэгдэхүүн болж байгаа юм.
Дорно дахины улсын музейд өдгөө 2000 гаруй монголын дурсгал хадгалагдаж байгаа нь үзмэрийн бүрдэл, урлаг уран сайхны ач холбогдлын хувьд бусад ижил төстэй Оросын музейдтэй харьцуулбал зүй ёсоор тэргүүн байранд орох юм. Тус музейд Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн хэд хэдэн бурхан хадгалагдаж байгаа нь Оросын музейн цуглуулгын хувьд төдийгүй, дэлхийн хэмжээнд тун ховор зүйл болох юм.
Номын эхийг Дорно дахины улсын музей Ойрхи Дорнод, Төв, Өмнөд Азийн хэлтсийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Нонна Альфонсо болон тус хэлтсийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Оюна Галданова нар бэлтгэсэн байна.
Номын нээлтэнд Москва хот дахь томоохон музейн судлаачид, ОХУ-ын Эдийн Засгийн дээд сургуулийн Монгол судлалын профессор А.Д.Цендина, залуу Монгол судлаачдын хамт оролцлоо.