Чингис хаан Үндэсний музей олон нийтэд 2022 оны 10 дугаар сарын 12-ноос албан ёсоор үүд хаалгаа нээснээс хойш “Музейд суралцахуй” боловсролын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2022 оны 12 дугаар сарын байдлаар тус музейг нийт 58000 гаруй үзэгч үзсэний 35000 буюу 60 хувь нь сургуулийн насны хүүхдүүд байна. Үүнээс тусгай хэрэгцээт 110 үзэгч үзсэнээс боловсролын хөтөлбөрт 7 үзэгч хамрагдсан.
Монгол Улсад тэгш хамруулах боломжийг хангасан бүх нийтийн насан туршийн боловсролыг дэмжих тухай Тогтвортой хөгжлийн зорилго 4-д тусгаснаар “хүүхэд бүрийг чанартай боловсрол эзэмших эрхийг хангах” заалтын дагуу музейн боловсролын хөтөлбөрийг нас, сэтгэхүйн онцлогт тохируулан хэрэгжүүлж байна.
Чингис хаан Үндэсний музей нь хүүхэд бүрт тэгш хүртээмжтэй боловсролыг олгох зорилгоор хүүхдийн болон насан туршийн боловсролын хоёр танхимаар үйлчилж, одоогийн байдлаар тусгай хэрэгцээт иргэдийг дэмжих хэрэгсэл, зориулалтын ширээ, сандлыг байршуулаад байна. Цаашид олон улсын стандартад нийцсэн тусгай хэрэгцээт иргэдийн боловсролыг дэмжих хэрэгслүүдийг бүрэн хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд 2023 онд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан олон улсын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.