Чингис хаан музейн 1 болон 6 дугаар давхарт байрлах 76,9м2 талбай бүхий “Хүүхдийн болон Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан боловсролын танхим”-ууд нь тус бүр нэг ээлжиндээ 20-25 хүүхэд хүлээж авах боломжтой ба сүүлийн үеийн сургалтын тоног төхөөрөмж, хүүхдэд зориулсан тавилга эд хогшлоор тусгайлан тохижуулсан.
Уг танхим нь сан хөмрөг, үзмэр цуглуулгадаа суурилсан музейн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургалт танин мэдэхүйн үйл ажиллагаа тогтмол зохион явуулдаг ба сургалтад хэрэглэгдэх үзүүлэн, хуулбар үзмэр, тараах материалыг ашиглаж бие даан урлан бүтээх, зурж бичих, өөрийн сурахыг хүссэн зүйлээ хайж олж судлах гэх мэт бүтээлчээр суралцах албан бус сургалтын орчин юм.
Боловсролын 2 танхимдаа “Музейд суралцахуй” нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд СӨБ-ын бяцхан багачууд, ЕБС-ийн сурагчид, Их, дээд сургууль, коллежийн оюутан залуус, насанд хүрэгчид, гэр бүл, өндөр настан, жуулчдад зориулсан сонирхолтой, бүтээлч хөтөлбөрүүдийг насны онцлогт нь тохируулан хэрэгжүүлж байна.