image
clock
2023-02-10
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ОХУ-ЫН ЭРМИТАЖ УЛСЫН МУЗЕЙТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун 2023 оны хоёрдугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо ажиллаж, Эрмитаж Улсын музейтэй хамтын ажиллагааны анхны гэрээгээ албан ёсоор байгууллаа. Тус гэрээнд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, эрдэм шинжилгээний хээрийн шинжилгээний болон судалгааны бүтээл туурвих, мэргэжилтэн солилцох, бэлтгэх асуудлууд багтсан байна.

Ийнхүү Соёлын сайд Ч.Номин, ОХУ-ын Соёлын сайд, хатагтай Любимова Ольга Борисовна нарын 2021 оны 12 дугаар сард Москва хотноо байгуулсан хамтран ажиллах санамж бичиг, 2022 оны Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх Ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын протоколын 8.12, 13 дахь заалтыг хэрэгжүүлж Чингис хаан Үндэсний музей, Эрмитаж Улсын музейтэй хамтран ажиллахаар тогтлоо.

Эрмитаж музейн сан хөмрөгт Монгол Улсад холбогдолтой баялаг дурсгалууд хадгалагдаж байгаа бөгөөд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан баг “Эрмитаж дахь Ноён уулын дурсгал”, “Эрмитаж дахь Хархорум хотын өв”, “Эрмитаж дахь Бурханы шашны өв”, “Эрмитаж дахь Монголын эзэнт гүрний өв” хэмээх дөрвөн боть бүтээлийг хэвлүүлээд байгаа юм. Үүнээс гадна, 2023 онд дахин нэг боть бүтээл хэвлүүлэхэд бэлэн болоод байна. Эдгээр дурсгалыг эрдэм судалгаа, танин мэдэхүйн хэрэгцээнд зориулан анх удаа цогцоор нь хэвлэн нийтэлсэн гэдгээрээ онцлогтой.

Чингис хаан Үндэсний музей, Эрмитаж музейтэй хамтран ажиллахаас гадна Оросын Угсаатны музей, Дорно дахины ард түмний урлагийн музей, Их Петр хааны нэрэмжит Угсаатан, хүн судлалын музей, ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнтэй мөн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Монголын соёлын өвтэй холбоотой судалгааг өргөжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, хамтарсан үзэсгэлэн гаргах, Монголын түүхэнд урьд хэвлэгдээгүй ховор сонин баримт, дүрс бичлэг, гэрэл зургуудыг нийтийн хүртээл болгохоор ажиллаж байна. Түүнчлэн “Монголчуудын соёлын өв: Архивын баримт, гар бичмэлийн цуглуулга” олон улсын хурлыг зургаа дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад, 11 дүгээр сард Санкт-Петербург хотноо Ноён уулын малтлагын 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.