2023.01.13
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Одоогоос 31 жилийн тэртээ БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат 76 хоног хуралдаж, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн морин цагт баталсан билээ.
Ардчилсан, шинэ Үндсэн хууль нь Монгол Улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг тавьж, парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалсан юм.
Тухайн үед Монгол Улсын өнцөг булан бүрээс сонгогдож, ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлалцсан төр, нийгмийн 100 гаруй зүтгэлтэн, АИХ-ын депутатууд өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд хуран чуулав. Уг арга хэмжээг УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-аас Чингис хаан Үндэсний музейтэй хамтран зохион байгуулсан юм.
Ахмад депутатууд хаад язгууртны түүх, соёлын чухал өвийг дэлхийд таниулах том бүтээн байгуулалтад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, Чингис хаан Үндэсний музей цаашид олон улсын түвшинд тэргүүлэх байр суурьтай ажиллахын ерөөл өргөв.