image
clock
2023-03-24
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД МОНГОЛ ГЕРМАНЫ ХАМТАРСАН MAPSS ТӨСЛИЙН 8 ХОНОГИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2023.03.15

Орчин үеийн дэвшилтэт технологийг археологийн судалгаанд хэрхэн ашиглах, тухайн бүс нутаг дахь археологийн дурсгалуудыг зайнаас хэрхэн тандан судалж, бүртгэж, координатын системтэй холбох арга зүйн сургалт өнөөдөр Чингис хаан Үндэсний музейн сургалтын танхимд эхэллээ.

Монгол Германы хамтарсан MAPPS төслийн хүрээнд явагдаж буй энэхүү найм хоногийн сургалтад эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургууль, музейн эрдэм шинжилгээний ажилтнууд хамрагдаж байгаа юм.

Монгол Улсын газар нутаг дээрх археологийн дурсгалуудыг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан зайнаас буюу сансраас тандан судалж, газар зүйн мэдээлэлтэй нь холбон бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зорилго бүхий MAPPS олон улсын төслийг ХБНГУ-ын Макс Планкийн хүрээлэн, Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төв, Чингис хаан Үндэсний музей, Монголын үндэсний музей, Шинжлэх ухааны академи зэрэг олон байгууллага хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 33 мянга орчим дурсгалыг зайнаас тандан судалсан бөгөөд одоо мэдээллийн санд нэгтгэж байгаа аж. Төслийн ерөнхий зохицуулагчаар археологич, доктор Ж.Баярсайхан ажиллаж байна.