image
clock
2023-04-17
"МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ӨВ: ГАР БИЧМЭЛ БА АРХИВЫН БАРИМТЫН ЦУГЛУУЛГА” СЭДЭВТ ЗУРГАА ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Та бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын Холбоо, Чингис хаан үндэсний музей хамтран “Монголчуудын соёлын өв: гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” сэдэвт зургаа дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.

2013 оноос эхлэн Улаанбаатар, Санкт-Петербург хотноо хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулагдаж ирсэн уг хурал нь дэлхийн улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын түүх, соёлын дурсгалуудыг судлах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж танилцуулах, хамтран хэвлэн нийтэлж түгээн сурталчлах, судалгааны цар хүрээг өргөжүүлэн тэлэх, олон улсын эрдэмтдийн хүчин чармайлтыг нэгтгэн цогц судалгаа явуулахад чиглэсэн хамтын ажиллагааны чухал арга хэмжээ юм.

Хурлын зорилго нь Монгол улс, ОХУ, БНХАУ, Унгар, ХБНГУ, Солонгос зэрэг улсад хадгалагдаж байгаа гар бичмэл, сурвалж бичгүүд; монгол судлаач эрдэмтдийн сан хөмрөг, бүтээл туурвил; Монголын хэл, түүх, соёлын асуудлуудыг судлан шинжилсэн, шинэ баримт, эх хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцэж, судалгаа шинжилгээний өнөөгийн төлөв байдлын талаар санал солилцох, цаашдын хандлага, цар хүрээг тогтоох, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Хэзээ: 2023 оны 04 дүгээр сарын 19-20 өдрүүдэд 09:00 цагт

Хаана: Чингис хаан Үндэсний музейн 4 болон 9 давхарт