image
clock
2023-04-24
“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ӨВ: ГАР БИЧМЭЛ БА АРХИВЫН БАРИМТЫН ЦУГЛУУЛГА” ЗУРГАА ДАХЬ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын Холбоо, Чингис хаан Үндэсний музей хамтран “Монголчуудын соёлын өв: гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” сэдэвт зургаа дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

2013 оноос эхлэн Улаанбаатар, Санкт-Петербург хотноо хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулагдаж ирсэн уг хурал нь дэлхийн улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын түүх, соёлын дурсгалуудыг судлах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж танилцуулах, хамтран хэвлэн нийтэлж түгээн сурталчлах, судалгааны цар хүрээг өргөжүүлэн тэлэх, олон улсын эрдэмтдийн хүчин чармайлтыг нэгтгэн цогц судалгаа явуулахад чиглэсэн хамтын ажиллагааны чухал арга хэмжээ юм.

Энэ удаагийн хуралд Монгол улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Чингис хаан Үндэсний музей, МУИС, МУБИС, Үндэсний төв архив, Богд хааны Ордон музей; ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн (Санкт-Петербург), Эдийн соёлын түүхийн хүрээлэн (Санкт-Петербург), Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, төвөд, буддын судлалын хүрээлэн (Улаан-Үд), ОХУ-ын Халимагийн улсын их сургууль, “Улсын Эрмитаж” музей, Оросын Угсаатны зүйн музей, ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан улсын Казаны их сургууль, Казаны Түүх, соёлын өвийг дэмжих “Палладий” сан;

БНУУ-ын Төв Европын их сургууль, Өтвөш Лорандын Их сургууль; БНХАУ-ын Өвөр Монголын их сургууль зэрэг Монголын түүх, соёл, хэл уран зохиол, монгол судлалын салбарт судалгаа явуулдаг 21 байгууллагын 30 гаруй эрдэмтэн судлаачид биечлэн, 15 эрдэмтэн, судлаач цахимаар оролцож илтгэлээ хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Хурлын зорилго нь Монгол улс, ОХУ, БНХАУ, Унгар, ХБНГУ, Солонгос зэрэг улсад хадгалагдаж байгаа гар бичмэл, сурвалж бичгүүд; монгол судлаач эрдэмтдийн сан хөмрөг, бүтээл туурвил; Монголын хэл, түүх, соёлын асуудлуудыг судлан шинжилсэн, шинэ баримт, эх хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцэж, судалгаа шинжилгээний өнөөгийн төлөв байдлын талаар санал солилцох, цаашдын хандлага, цар хүрээг тогтоох, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.