image
clock
2023-05-12
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023

СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 АЯНЫ НЭЭЛТИЙГ ТӨВ АЙМГИЙН ТӨВ ЗУУНМОД ХОТООС ЭХЭЛЛЭЭ

Соёлын сэргэлт - 2023 Төв аймгийн Зуунмод сумаас эхэллээ:

Улсын хэмжээнд зохион байгуулагдах Соёлын сэргэлт 2023 аяны нээлтийн арга хэмжээ 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд болов. Монгол улсын засгийн газар, Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, Төв аймгийн Соёл, урлагийн байгууллагууд болон бусад байгууллагын хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөгөөр Зуунмод сумын Мөнх алдрын талбайгаас Соёлын сэргэлт 2023 аяны нээлтийг эхлүүлэв .

Засгийн газрын гишүүн соёлын сайд Ч.Номин дээрх Соёлын сэргэлт 2023 аяныг нээн үг хэлэхдээ “Монголчууд бид дэлхийн соёлын иргэншлийн томоохон хэсгийг тээж яваа ард түмний хувьд өөрийн гэсэн өвөрмөц түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь чухал гэдгийг” онцлон сануулсан юм.

Соёлын яамны харьяа соёл, урлагийн 26 байгууллагын баг бүрэлдэхүүн уг аяныг нийслэл, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сум, 15 тосгонд зохион байгуулах юм.

Чингис хаан үндэсний музейн баг хамт олон нь Төв аймгийн Соёл, урлагийн газар, орон нутгийн соёлын байгууллагуудтай хамтран Монгол улсын голомт нутаг болох Төв аймгийн 27 суманд энэ сарын 11-ний өдрөөс Соёлын сэргэлт 2023 аяныг зохион байгуулах юм.

Зуунмод суманд зохион байгуулагдсан Соёлын сэргэлт 2023 аяны үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ, монгол соёл” сэдвээр лекц уншив. Тэрээр Төв аймгийн нутаг дээр монголчуудын эртний өвөг дээдэс болох Хүннү, Түрэг, Их монгол зэрэг улсуудын хаад язгууртнуудын үлдээсэн түүх, археологийн дурсгал, өв соёл арвин ихээр хадгалагдаж байхаас гадна өнөөгийн монгол улсын тусгаар тогтнолыг үндсийг тавьсан төр нийгмийн түүхэн зүтгэлтнүүд олноор төрөн гарсан нутаг гэдгийг онцлон тэмдэглэж байв.